Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинээр барих барилгын ажлыг 2019 оны дөрөвдүгээр сард эхлүүлнэ

2018-09-5 Засгийн газар

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,6 км авто замыг шинээр барих шийдвэрийг 2017 онд Засгийн газраас гаргаж, зам барилгын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох ажил үе шаттай хийгдэж өнөөдөр эцэслэн шийдэгдлээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинээр барих барилгын ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “барих-шилжүүлэх” нөхцлөөр 2019 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, дөрөвдүгээр ангиллын хоёр эгнээтэй тус замыг тусгаарлах зурвастай нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээ бүхий болгон барихаар шийдвэрлэв. Барилгын ажлын улирал богино учир таван гүйцэтгэгчээр 204,6 км автозамын барилгын ажлыг хуваан гүйцэтгүүлэх болов. Санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хөнгөлөлттөй зээлээр болон бусад эх үүсвэрээр хангахаар тогтов. Уг төсөлд нийт 225 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь дөрөвдүгээр зэрэглэлийн хоёр эгнээтэй хэдий ч бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1,4-2,7 дахин их ердийн үед өдөрт дунджаар 5800 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг бол наадам, цагаан сар гэх мэт зорчигчдын урсгал нэмэгддэг оргил ачааллын үед өдөрт 12300 гаруй автотээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй авто зам юм. Энэ нь тээврийн хэрэгсэл аюулгүй зорчин өнгөрөх нөхцөл алдагдахад хүргэж, өндөр эрсдэлтэй болгодог байна.

Баянхонгор болон Дархан-Уул аймагт үнэт металын сорьцын хяналтын лаборатори байгуулна

Орон нутагт үнэт металын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийн нэгжийг төвийн бүсэд Дархан-Уул аймгийн, баруун бүсэд Баянхонгор аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн бүтцэд тус тус байгуулахаар шийдвэрлэлээ. Батлагдсан төсөв, орон тоо, урсгал зардалдаа багтаан, үйл ажиллагааг 2018 оны III улиралд эхлүүлэхийг Монгол Улсын Шадар сайдад үүрэг болголоо. Цаашид Үнэт металын сорьцын лабораторийн үйл ажиллагаа, техник технологийн бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэхэд шаардагдах зардлыг 2019 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлж ажиллах юм. Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийг сэргээх үйл ажиллагааны зорилтын хүрээнд “Алт 2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, бичил уурхайгаар олборлосон алтыг худалдан авах, хадгалах, тээвэрлэх болон сорьц тогтоох үйл ажиллагааг чанар, стандарт, аюулгүй байдал хангасан нөхцөлд цаг хугацаа хэмнэж, иргэдэд шууд хүргэхэд энэхүү лабораторийн үүрэг чухал гэв.

Товч мэдээ

– Монгол Улсын гавьяат нисгэгч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Цэрэндоржийн Дугарын 100 жилийн ойг 2018 онд тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоол батлав. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн арга хэмжээний төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхийг БХ-ын сайдад үүрэг болголоо. Ц.Дугар нь 1935 оноос эхлэн улсад тасралтгүй 52 жил ажилласан байна. Тэрээр Монгол Улсын агаарын зайн анхны хууль, иргэний агаарын тээвэрт мөрдөгдөх олон арван дүрэм, заавар боловсруулах, иргэний болон цэргийн нисгэгч, инженер, техникийн ажилтан бэлтгэх, тэднийг мэргэжлийн зэрэгтэй болгох зэрэг олон асуудлыг боловсруулан шийдвэрлүүлсэн байна.

– Агаарын тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэн “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох” журмыг батлав. Монгол Улс нь “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенци”, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол”-д нэгдэн орсны дагуу үүргээ хүлээхээс гадна, Озоны үе давхаргыг хамгаалах тухай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд журмыг шинэчлэн гаргаж байна. Журамд Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох нөхцөл, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага, иргэн аж ахуй нэгжид тавих шаардлага, хориглох үйл ажиллагаа, хяналт тавих субъект зэргийг нарийвчлан заасан байна.

– “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Их сургуулийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, сургалт, судалгаа, инновацийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг нь дээшлүүлэх замаар судалгаанд суурилсан их сургууль болон хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх зорилготой юм. Цаашид Монгол Улсын нийгэм эдийн засгийг мэдлэг, инновацид тулгуурлан хөгжүүлэхэд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна. Хөтөлбөрийг 2019-2023 он дуустал хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм.

– “Магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг шинэчлэн батлав. Дүрэм шинэчлэгдсэнээр хөтөлбөрийн чиглэлээр төрөлжсөн, төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан магадлан итгэмжлэлийн байгууллагууд байгуулагдаж, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл дангаар хэрэгжүүлж байсан тогтолцооноос эрх бүхий мэргэжлийн байгууллагууд сургалтын хөтөлбөрийн чанарт хараат бус үнэлгээ хийх, олон талт дүгнэлт гаргах тогтолцоонд шилжих юм. Ингэснээр сургалтын байгууллагын чанарын хяналт , баталгаажилтын үндэсний тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ чанарын хяналтын чиглэлээр мэргэжлийн түвшинд зөвлөн туслах, тэдний ахиц дэвшлийг үнэлж дүгнэх үйл ажиллагаа цогц хэрэгжих юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.