Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Төрийн албан хаагчдын цалинг ирэх сарын 1-нээс нэмэгдүүлэхээр гурван талт хэлэлцээрээ тохиролцсон тухай мэдээлсэн. Энэ нь Засгийн газар гал унтраах байдлаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэж ойлгож болох уу?
Засгийн газар энэ оны эхээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай гурван талт хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээр Олон улсын валютын сантай төрийн алба хаагчдын цалинг нэмэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах үүрэг хүлээсэн. Үүний дагуу энэ оны IV улирлаас эхлэн төрийн алба хаагчдын цалинг нэмэх тохиролцоонд хүрсэн. Улмаар Засгийн газрын хуралдаанаар төрийн алба хаагчдын цалинг нэмэх шийдвэрийг өчигдөр гаргалаа. Ингэхдээ нэлээд олон зарчим баримталсан. Цалин багатай, эдийн засгийн хямралд илүүтэй өртөж байгаа иргэдийн цалинг эхний ээлжид нэмэхээр болсон.
Цалинг ажлын байрны нөхцөл, ачаалал, ур чадвартай уялдуулж нэмэгдүүлж гэсэн байх аа?
Өнгөрсөн жилээс эхлэн төрийн алба хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл, ачаалал, ур чадвар, хариуцлага зэргээс нь шалтгаалан цалин олгохоор болж ажлын байрны үнэлгээ хийсэн. Үнэлгээнд үндэслэн төрийн алба хаагчдын цалинг ялгамжтай олгохоор болсон.
Соёл урлагийн салбарынхны цалин бас нэмэгдэх үү?
Соёл урлагийн салбарт ажиллагсдын цалин бусад төрийн алба хаагчдынхаас 12.5 хувиар бага байсан. Тиймээс соёл урлагийн салбарын цалинг нэмж байгаа.
Шүүх, прокурорын байгууллагынхны цалинд өөрчлөлт орох уу?
Улс төрийн алба хаагч, шүүх, прокурорын цалинг энэ удаад нэмэхгүй.
Цалингийн нэмэгдэл чихэр харуулаад өнгөрөх хэмжээний гэж багш нар хэлж байна?
Шийдвэрийн дагуу төрийн алба хаагчдын цалинг 2018 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн нэмнэ. Ингэхдээ багш, эмч нартай дүйцэхүйц албан тушаалтан болон тэдгээрээс бага цалинтай төрийн алба хаагчдын цалинг эхний ээлжид найман хувь нэмнэ. Үүнд төрийн үйлчилгээ, төрийн тусгай алба, төрийн захиргааны алба хаагчид хамрагдана. Ингэснээр нийт 145 мянган хүний цалинг найман хувиар нэмж байна.
Түүнчлэн эрүүл мэнд, боловсролын салбарт хийсэн ажлын байрны үнэлгээнд үндэслэн бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын албан тушаалын зэрэглэлийг нэгээр ахиулж, цалинг 12.3 хувиар буюу 87.9 мянган төгрөгөөр нэмэж байгаа. Харин сувилагч нарын зэрэглэлийн 1-2-оор ахиулж, цалинг нь 20-30 хувиар буюу 127000-183000 мянган төгрөгөөр нэмжээ. Мөн соёл урлагийн салбарынхны цалинг 14-32 хувиар буюу 29000-146000 төгрөгөөр өснө.
Төрийн албан хаагчдад өнгөрсөн жилийнх шигээ нэг удаагийн тэтгэмж олгогдох уу?
Өнгөрсөн жил төсөвт тодотгол хийж, төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгосон. Үүнийг иргэд ихээхэн шүүмжилсэн. Мөн төрийн албан хаагчдаас нэг удаа тэтгэмж өгчихөөд цалин нэмэхгүй байна гэсэн гомдол ирсэн учраас тэтгэмж олгохгүй, үндсэн цалинг нь нэмэхээр болсон. Төсөвт эерэг үр дүн гарч, төсвийн сахилга бат сайжирч байгаа. Гэхдээ ОУВС-гийнхан эерэг өөрчлөлт гарч байгаа ч танай эдийн засаг маш эмзэг хэвээрээ байгаа гэдэг анхаарал санамжийг хэлж байна.
Үйлдвэрчний эвлэлийн хороо Засгийн газраас гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байна. Есдүгээр сарын 1-нээс ажил хаяна гээд байгаа?
Засгийн газар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын санал хүсэлтэд маш хүндэтгэлтэй хандаж ирсэн. Засгийн газар байгуулагдаад л маргааш нь Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй гэрээ хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээртээ энэ онд инфляцийн түвшинтэй уялдуулж, ОУВС-тай үг хэлээ ололцож, идэвхтэй ажиллана гэсэн үүргийг авсан. Харамсалтай нь, үйлдвэрчний эвлэлийнхэн хэлэлцээрээс давсан шаардлага буюу 50-иас дээшгүй хувиар нэм гэсэн шаардлага тавьж байна. Засгийн газар энэ удаа өөрсдийн боломжиндоо тааруулж цалин хөлсийг нэмлээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.