Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулав

2018-08-16 Нийгэм


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулах Засгийн газрын тогтоол гаргав. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хүний нөөцийг “Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв”-өөс 35 ажилтныг төрийн захиргааны албанд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар бүрдүүлж мөн төсвийг шилжүүлэн зохицуулна.

Аймаг, дүүрэгт тус агентлагийн чиг үүргийг аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар/хэлтэст ажиллаж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэж, цаашид хоёр орон тоо нэмж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлнэ.

Монгол Улсад 2017 оны байдлаар нийт хүн амын 3,3 хувь нь буюу 103,630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. 15-59 насны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 28 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенци, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, салбар дундын зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэхэд чиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх зэрэг чиглэлээр үйл ажиллагааг явуулна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.