УИХ-ын сонгуулийн үеэр төрийн албыг наймаалцахаар ярилцсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт МАН-ын Хяналтын хороо ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр болсноо мэдэгдлээ. Энэ талаар МАН-ын Хяналтын Хорооны дарга Д.Батбаатар “МАН “60 тэрбум”-ын асуудалд оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ асуудлаар намын нэр хүндэд халдаж байгаа нь явуургүй үйлдэл юм” хэмээн тодотгосон.
Хоёр өдөр хуралдсан эрх баригч намын Хяналтын ерөнхий хорооны хурлаар таван асуудал хэлэлцжээ. Эхний асуудал нь 60 тэрбум гэнэ. “60 тэрбум”-ын асуудалд нэр холбогдсон намын гишүүдэд хариуцлага тооцох тухай ёс зүйн хорооны дүгнэлтийг батлах тухай байсныг Д.Батбаатар онцолсон. Тэрбээр “МАН “60 тэрбум”-ын схемээр санхүүжилт босгох гэлээ гэх асуудал сонгууль болгоноор хөндөгдөж, нийгэмд сенсаци үүсгэдэг. Үүнтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаад, ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй, зохион байгуулалтай хийгдээгүй байна гэдэг шийдвэр гаргасан.
Манай намын дүрэмд аливаа бусармаг явдал, хээл хахууль, ажил албан тушаалыг үнэ мөнгөөр авахыг хатуу эсэргүүцдэг. Манай МАН “60 тэрбум”-ын хэрэгт улс төрийн хүчнийхээ хувьд ямар нэгэн байдлаар оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаашид “60 тэрбум”-ын гэх хэргээр улс төрийн хожоо хийнэ гэж бодож байгаа хүмүүст хандаж хэлэхэд энэ бол явуургүй арга шүү. Харин намын дүрэм зөрчиж, нэр хүндэд сэв суулгасан нэр бүхий гишүүн болох Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Энхболд нар ёс зүйн алдаа гаргасан гэж хяналтын ерөнхий хорооноос дүгнэсэн. Эдгээр хүмүүст ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ” гэлээ.
Мөн хурлаар Ховд аймгийн засаг даргын орлогч Ш.Батсүхийн талаар ирсэн гомдлыг авч хэлэлцжээ. Ховд аймгийн намын хорооны 38 дугаар бага хурал дээр намын гишүүд асуудалд шүүмжлэлтэй хандсан. Засаг даргын орлогч Ш.Батсүх тухайн үед асуудлыг өөртөө ашигтайгаар шийдүүлэхийн тулд намын гишүүдэд тодорхой хэмжээний шан харамж, амлан өөрийн талд татах оролдлого хийснийг манай намын гишүүд өөрийнх нь нүүрэн дээр ил тод хэлж шүүмжилсэн. Ийм асуудалтай эвлэрэхгүй гэдгээ хэллээ.
Энэ асуудлыг намын ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцээд Ш.Батсүхийн үйлдэл манай намын дүрэмд харшилсан, ёс зүйгүй үйлдэл байна гэж үзээд, Хяналтын ерөнхий хорооны хуралд танилцуулсан. Хяналтын хорооны шийдвэрээр Ш.Батсүхтэй хариуцлага тооцохоор болсон. Цаашид энэ хүнд намын зүгээс ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм.
Мөн гишүүн асан Д.Гантулгатай холбоотой асуудлыг хэлэлцэж, МАН-аас сонгогдсон гишүүний хувьд үнэн худал нь мэдэгдэхгүй нийгмийн бухимдлыг төрүүлсэн асуудалд нэр холбогдсон. Тухайн үеэд намын Ёс зүйн хороо болон Хяналтын ерөнхий хорооноос УИХ-ын гишүүн Д.Гантулгад өөрийн чинь энэ асуудал намын нэр хүндэд сэв суулгаж байгаа учир энэ асуудал дээрээ онцгой анхаарал хандуул гэдгийг үүрэгдсэн байна.
Үүний дагуу Д.Гантулга гишүүн өөрийн асуудлаа шийдэн, гишүүний суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан. Энэ нь намын гишүүний хувьд ёс зүйн хариуцлагаа хүлээж буй ухамсарт үйлдэл юм. Энэ талаар Хяналтын ерөнхий хорооны хурлаар хэлэлцэн, цаашид ийм асуудалд нэр холбогдохгүй байх талаар намын гишүүдэд үүрэг даалгавар өгсөн гэдгийг мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.