Баруун Сэлбэ голын урд хэсэгт 1913 онд Оросын худалдаачин худалдааны зориулалтаар хоёр давхар байшин бариулсан нь тухайн үеийн том байшингуудын нэг байв. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өнгө төрхийг илэрхийлсэн уран хийц загвартай тус барилга анхны европ загварынх бөгөөд хожим буюу 1965 онд ардын зураач Н.Цүлтэм нарын санаачлагаар Сайд нарын зөвлөлөөс Дүрслэх урлагийн музей болгосон юм. Тус барилгын үндсэн хэсэг нь хоёр давхар, зүүн хойт жигүүртээ гурван давхар бөгөөд чулуун суурьтай тоосго мод хослуулан угсарсан өвөрмөц хийцтэй байшин юм. Товчхондоо, бүтэн зууныг түүхийг өгүүлсэн энэхүү барилгыг Засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоолоор нийслэлийн хамгаалалтад, Засгийн газрын 2008 оны 175 тогтоолоор улсын хамгаалалтад авсан байдаг. Энэхүү барилга бүтэн зууны түүхийг өгүүлэх цөөхөн барилгуудын нэг гэдгийг тодотгоё.
Тэгвэл түүх соёлын хосгүй өв болох Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн барилга тун эрсдэлтэй нөхцөл байдалтай нүүр тулжээ. Тодруулбал, өв соёлоо эрхэмлэн дээдлэгч үндэсний банк болох Худалдаа хөгжлийн банк тус музейн хажууд 28 давхар оффисын зориулалттай барилга барихаар болсон. Худалдаа хөгжлийн банкны 28 давхар барилга нь зоорийн гурван давхартай байхаар төлөвлөгдсөн. Хэрэв зураг төслийн дагуу баригдвал Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нурах аюулд хүрээд байна. Барилгын ажлыг эхлүүлэхтэй зэрэгцэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулга гаргаж, ойр орчмын барилгын хөрсөнд суулт үүсэж, нурах эрсдэлтэйг албан бичгээр мэдэгджээ. Гэвч Худалдаа хөгжлийн банк мэргэжлийн хяналтын байгууллагын анхааруулгыг үл тоож, барилгын ажлыг эхлүүлэхээр өдөр шөнөгүй улаарч, эцэстээ хүч түрэж буй бичлэг олон нийтэд ил болсон.
Аль ч улс оронд үндэсний түүх хөгжил өөрчлөлтийн билэг тэмдэг болсон хуучин түүхэн дурсгалт барилга байшин байдаг. Соёлын хосгүй түүхийг агуулж байдаг учир барилгын уламжлалт загвар хийцийг хадгалан урсгал завсар хийж, хайрлан хамгаалдаг. Гэтэл бүтэн зууны түүхийг хадгалж буй түүхт барилга болох Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн барилгыг Худалдаа хөгжлийн банкныхан сүйтгэх гэж буйд нь олон хүн харамсаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нь анхааруулга бүхий албан тоот гаргасан нэрийдлээр уг асуудлыг хайхрахгүй байгаа ч нь хачирхалтай. Өнөөгийн нийгэмд эрх мэдэл, хөрөнгө мөнгө хүчтэй байгаа ч монголчуудын өв соёлыг хадгалж буй түүхийн хосгүй өвийг хадгалан хамгаалах нь хамгийн чухал.
Худалдаа хөгжлийн банк эртний барилга байгууламжид халдаж байгаа нь үүгээр зогсохгүй. Тодруулбал, Улаанбаатар зочид буудлын урд Худалдаа хөгжлийн банк шинэхэн оффисоо барихын тулд түүхийн үл хөдлөх дурсгал болох Хүүхдийн анхны номын санг нураасан юм. Уг нь энэхүү барилгыг 1998 онд Засгийн газрын тогтоолоор нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт газруудын жагсаалтад багтаасан. Гэвч үл мэдэгдэх шалтгаанаар 2008 онд уг жагсаалтаас хасаж, даруй Худалдаа хөгжлийн банк барилга урсгалтын ажлаа эхлүүлсэн байдаг. Энэхүү хоёр давхар жижигхэн модон байшин үүнээс ч их түүхийг өгүүлэх байсан юм. Товчхон дурдвал, Маршал Х.Чойбалсангийн нэгэн үеийн ажил, амьдралын түүхийг өгүүлэхийн зэрэгцээ анхны Элчин сайдын яам байрлаж байсан юм.
Цаг үе нийгэм хурдацтай хөгжиж байгаа энэ үед аялал жуулчлалыг түүхийн дурсгалт буюу архитектурын дурсгал болсон барилга байгууламж руу чиглүүлэн олон нийтэд таниулж, сэргээн засварлаж гадна тохижилтыг тухайн үеийн шийдлээр засан сэргээх шаардлагатай байгаа гэдгийг түүхч эрдэмтэд хэлдэг ч тэдний үгийг сонссон нэг ч төрийн байгууллага, төрийн албан хаагч алга байна.
2226 жилийн түүхтэй төрт улстай хэмээн онгирч, жил бүр ой тэмдэглэж байгаа ч түүнийг нотлох баримтууд ийнхүү зоосны нүхээр харсан хэдхэн нөхдүүдийн балагаар устаж үгүй болж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.