Эмч нарт урамшууллын цалин олгодог болно. Эрхтэн шилжүүлэн суулгах багийнханд нэг сарын хугацаанд бэлтгэл ажлаа хангах үүрэг, даалгавар өглөө, тэр эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа гэхээс өөрөөр Эрүүл мэндийн салбарт хийгдсэн ажил хуруу дарам. Эмнэлэг ачааллаа дийлдэггүй, өвчтөн кордорт хонодог байдал үргэлжилж, эмчийн хариуцлага гэх зүйл хөндөгдсөн хэвээр. Тэр ч бүү хэл, орц, хонгилд, шүүхийн танхимд жирэмсэн эх амаржиж, эх баригчийг хэн дуртай нь хийх болов. Богино хугацаанд эмнэлэг барьж, эмч нарыг хариуцлагажуулж хүчрэхгүй байж болох ч элдэв витамины сурталчилгааг цэгцэлж, эмийн сангуудын хяналтыг сайжруулахаас эхлээд энэ салбарт хийх ажил дэндүү их.
Уг нь эзэнгүй мэт явж ирсэн эрүүл мэндийн салбарт мэргэжлийн хүн томилогдсонд олон ч хүн талархсан. Хэдийгээр эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар хувьдаа шамшигдуулсан төдийгүй хувийн ёс зүйгүй гэх шүүмжлэл түүнийг дагалддаг ч УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ ураг гэх ураг төрлийн хэлхээ нь хөшүүрэг болж, том түлхэцээр “мэргэжлийн” гэх тодотголтой файзын буянаар А.Цогцэцэгийг эл албанд томилох шийдлийг эрх баригчид гаргаж байлаа. Харамсалтай нь, тэр энэ салбарыг эмчлэх нь битгий хэл сэхээнд нь цааш нь харуулж мэдэх нь.
Салбарт нь тулгамдаад байгаа асуудлын талаар ам нээх бүртээ төсөв мөнгөний хүрэлцээгүй байдлын талаар тодотгож, шалтаг тоочих болсон түүний гараас юм гарна гэж итгэж суухад ч бэрх. Ёстой л Шадар сайд У.Хүрэлсүхийн хэлж байсанчлан “Дарга асуудлыг шийдэх гэж байдаг болохоос зовлон тоочих гэж суудаггүй юм” гэдгийг дахин сануулмаар. Гэхдээ эрхэм сайд энэ үгийг улс төр, цаашлаад өөрийнх нь суудалд санаархсан хүний өшөө авалт гэх байдлаар хүлээж авсан нь эмгэнэл юм. Тодруулбал, сайд ахайтан дээрх үйл явдлыг эрүүл мэндийн салбарт томилгоо хийлгэхийн тулд эхнэр нөхрөө оруулж чадаагүй хүмүүс л харлуулан дайрч байна гэх байдлаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, түүнийг зэмлэсэн хоёр сайд шахаа хийх санаандаа хүрээгүй тул салбарын сайдыг зэмлэсэн бололтой дог шүү.
Уг нь сайд А.Цогцэцэгийг 4-5 аймгийн дундах отрын бүс нутагт амьдарч буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх машиныг шийдэх үүрэг өгсөн төдий. Гэвч тэр өнөөх л боломжгүй гэх үг унагаж, шалтаг тоочсоноос үүдэлтэй Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс зэмлэл хүртэж, Онцгой комиссын даргын үүргийг биелүүлэхийг шаардсан төдий. Товчхондоо, сайдыг менежерийн ур чадвараа дээшлүүлж, ажил хийх зүй ёсны шаардлага гэж хөндлөнгийн хүмүүст харагдсан. Эцэст нь Төрийн сайдын бяр нь хүрэхгүй тул генарал Бадралд тэр асуудлыг даатгаж, асуудал өндөрлөсөн юм даг. Ийм менежертэй Эрүүл мэндийн салбар хэзээ эрүүлжиж, хариуцлагажих бол. Лав л А.Цогцэцэг сайдын үед биш бололтойг. Харин түүний оронд генералыг нэг мөр энэ салбарын сайдаар томилчихвол үр дүн нь илүү ч байж мэднэ.
Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын Эрүүл мэндийн манааг хэн сахих бол гэх асуулттай зэрэгцэн А.Цогцэцэгийн ашиг сонирхол ч хөндөгдөж эхэлсэн үеийг мартаж боломгүй. Зүй нь тэрбээр Хэнтий аймгийн Аварга тосонгийн дэргэд сувилалын газартай, мөн “ALERGI MED” нэртэй Арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл явуулдаг 10 давхар эмнэлэгтэй, хувийн эмийн сантай гээд тоочвол чамлахааргүй. Шулуухан хэлэхэд, энэ салбараас авч болох бүхнийг зулгааж дөнгөсөн сүйхээтэй бүсгүй.
Улмаар ураг төрлөө үргэлж чирж, явдаг авхаалжтай нэгэн ч гэж хэлж болно. Ганц жишээ дурьдахад, Арьсны өвчин судлалын төвд аавынхаа төрсөн дүүгийн дэлгүүрийг “шахчихсан”. Хувийнх нь эмнэлэг өндөрт сүндэрлэж, өнгө үзэмж нь гялтагнаж байдаг бол өөрийнх нь тэргүүлж суусан улсын гэх тодотголтой эмнэлэг өнөө маргаашаа хүлээсэн өвчтөн шиг гундуу, сундуй. Уг нь улсын эмнэлэгийн засварт суулгасан хөрөнгийг нь харвал чамлахааргүй. Гэвч тэр мөнгө өнөөх байшинд шингэлгүй, хэн нэгний халаасанд ширгэсэн гэлтэй. А.Цогцэцэгийн амны уншлага болсончлон төсөв хөрөнгө хүрэлцээгүй, эмнэлэгт эм тариа дутагдалтай, эмнэлэгийн хэрэгсэл хүрэлцээгүй, эмнэлэгийн төсөв хүрэхгүй байгаа энэ нөхцөлд хувийн бизнесээ тэргүүнд тавьдаг хүнийг сайдаар томилсон нь сохор хүний шийдэл гэлтэй.
Хамгийн хачирхалтай нь, өөрийнх нь үүсгэн байгуулж, ажиллуулж байсан эмнэлэг, сувилалын газрууд нь А.Цогцэцэгийг сайдын суудалд тухлах сургаар сураг алдарч, түүнд хамааралтай болох нь тэр. АТГ-ын 2016 оны долоодугаар сарын 29-ний өдрийн байдлаар А.Цогцэцэг болон түүний хамаарал бүхий этгээдийн нэр дээр үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэг эрүүл мэндийн салбарт хамаарах хуулийн этгээд тогтоогдоогүй гэх. Мань хүн хэдийнэ ул мөрөө баллуурдаж, эмнэлэгээ эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаараа удирдуулж, улмаар арилжсан гэх бичиг баримт бүрдүүлсэн байх жишээтэй.
Ж.Цолмон түүн шиг сийрэг толгойтой байж чадаагүйгээс АТГ-т олзлогдож, ашиг сонирхлын зөрчилтэй гэх нэр зүүсэн хэрэг. Уг нь компаниа охиндоо шилжүүлж байхаар А.Цогцэцэг шиг худалдсан гэх зүйлчлэл хийлгэчихэд л болох байж. Энэ бүхнээс нь ажвал А.Цогцэцэг сэргэлэн нь дэндсэн авхай. Ямартаа л Арьс өвчин судлалын төвийг тэргүүлж байсан атлаа ижил төрлийн эмнэлэг нээж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлж байсан гэхээр түүний хэр хөдөлгөөнтэйг, бас юу хийж, хаанаас ашиг хүртэхээ сайтар мэддэг нэгэн гэж дүгнэж болохуйц. Гол нь хувийн ажилдаа толгой нь ажиллана уу, гэхээс хувьсгалын үйлд хуруугаа ч хөдөлгөдөггүй нэгэн бололтой юм.
Ширээний араас цэцэрхэж, үүрэг даалгавар өгөхөөс хэтэрдэггүй тэрбээр ДОХ-ын тохиолдол өсч байгааг, ганц шинжилгээ өгөхийн тулд улсын эмнэлгийн үүдэнд иргэд хонох шахаж байгааг, ЭХО-д харуулах гэж алалцдагийг, эмнэлэгт хэвтсэн нэртэй шалан дээр өнхөрч байгааг ойлгож, ухаарах цаг ирдэг л байгаа даа.
Э.ЖАРГАЛМАА
17 цагийн өмнө
22 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.