АН-ын зөрчил зодоон болох цагаар

2017-04-6 Нам хөдөлгөөний амьдрал

Намын даргынх нь тодот­госноор АН шинэч­лэлийнхээ хоёр дахь том давалгааг өрнүүлэв. Тэр нь өнгөрсөн ням гаригт улс орон даяар зохион байгуулсан АН-ын дотоод сонгууль. Дотоод сонгуульд 152.8 мянган гишүүн санал өгөх эрхтэйгээр оролцож, аймаг, нийслэл, дүүрэг, намын үүрийн дарга, гишүүн зэрэг 17 мянга гаруй албан тушаалтныг сонгожээ. Ингэснээр АН нийслэл, хөдөө орон нутагт буурь сэлгэж, шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь. Хөндлөнгийн ажиглагчид бол АН шат, шатны удирдах албан тушаалтнуудаа нийт гишүүдээсээ сонгосноор бусдадаа сайн жишиг үлгэрлэж байгаа ч юм шиг. Гэвч “бадарчин баярлах болоогүй” гэдэгтэй агаар нэг нөхцөл байдал АН-ыг хүлээж байгааг энд сануулах хэрэгтэй. Учир нь, тэрхүү нөхцөл байдал гаднаас нь биш дотроос нь өдлөхөөр буй нь сонирхолтой сэдэв болж байна.

Үнэндээ УИХ, нийслэл, орон нутгийн сонгуульд ээлж дараалан ялагдал хүлээсэн нь эрх баригч асан АН-ын хувьд том цохилт болсон. Улмаар ялагдлын шокноосоо гарах гэж хэрэндээ хичээсэн тэдэнд хонгилын үзүүрт гэрэл ассан нь намын удирдлагаа солихоос эхлээд нийтээр нь шинэчлэх тухай байв. Энэ нь ч ёсоор болж З.Энхболдыг С.Эрдэнээр солив. Ялгаатай нь, З.Энхболдыг Үндэсний зөвлөлдөх хорооноос АН-ын даргаар томилж байсан бол С.Эрдэнэ 180 мянган гишүүнийхээ итгэлийг хүлээж энэ сэнтийд заларсан. “Шонхор”-оос “Шонхор”-т намын даргын тамга шилжсэн нь хэн бүхний нүдэнд ил хэдий ч “нийт гишүүдийн сонголт” хэмээх гуншин нь С.Эрдэнийг “чимж” бас бусдаас өөр харагдуулж байгаа хэрэг. Гэхдээ АН шинэ даргаа яаж тодруулсан, фракцуудын тохироо хэрхэн явсан нь тэдний сонголтын асуудал учраас энэ сэдвийг түр орхиё.

Харин намын шинэ даргын анхны шийдвэр болох дотоод сонгуулийн үр дүн АН-ын ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг зураглах гээд үзэе. Намын удирдлагууд нь л шинэчлэл гэж тодотгоод байгаа болохоос өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан АН-ын дотоод сонгууль жижигхэн “савангийн дуурь”-ийн хэмжээнд болж өнгөрөв. Наанаа 153 мянган гишүүнээс 78 хувь нь саналаа өгсөн хэмээж буй ч ачир дээрээ АН-ын дотоод сонгууль мөнгөтэй нь наашаа, мөнгөгүй нь цаашаа гэдэг зарчим бас цензурээр явсан нь нууц биш. Бараг Ерөнхийлөгчийн сонгуультай эн зэрэгцэхүйц 10.3 тэрбум төгрөгийн зардлаар зохион байгуулсан АН-ын дотоод сонгуулийн үр дүнд хүссэн болгон нь бус зөвхөн мөнгөтэй нь намын удирдах аппаратад сонгогдсон гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, жирийн гишүүдийнхээ дэмжлэг гэхээсээ бэл бэлчинтэй, мөнгөтэйнхөө хүчинд Үндэсний бодлогын хороо, намын анхан, дунд шатны удирдлагад сонгогдсон эрхмүүд АН-ыг чиглүүлж, 2020 оны сонгуультай золгох нь.

Гэвч үүнийг хүлээн зөвшөөрөх, тэдний бодлого шийдвэрийг дагах хэсэг нь АН-д хэр олон байгаа бол. Намын удирдлагын бүтцэд багтсан хэсгийнхнийг эс тооцвол гарын арван хуруунд багтахаар цөөн болов уу. Жишээ нь, сонгуулийн ялагдлын дараагаас “Алтангадас”-аас эхлээд “МоАН”, “Нэг ардчилал” тэргүүтэй фракцууд нь дарга нартаа шүүмжлэлтэй хандаж, бас сөрж эхэлсэн байдаг. Үүн дээр намдаа гомдогсдын арми буюу дэнчингийн мөнгөнөөс болж дотоод сонгуульдаа нэр дэвших эрхээ хязгаарлуулсан хүмүүс ч нэмэгдэнэ.

Саяхан болж өнгөрсөн АН-ын дотоод сонгуульд гэхэд “Алтангадас”-аас нэг ч хүн оролцоогүй. Өөрөөр хэлбэл, АН-д шүдэнз зурах төдийд гал гарахад бэлэн болсон гэсэн үг. Харин тэрхүү гал дээр тос асгах хүн нь Н.Алтанхуяг болж байх шиг. Нэгэн цагт АН-ын чигийг “Алтангадас” заадаг байлаа гэж үг бий. Зүгээр ч нэг гараагүй энэ үг “Алтангадас”-ынхан АН-д гадас шиг хадаатай явсныг илтгэдэг. Засгийн газрыг нь зориуд огцруулан байж Ерөнхий сайд, намын даргынх суудлыг булаасанд “Алтангадас” хийгээд Н.Алтанхуяг одоо ч намдаа гомдолтой явдаг нь нууц биш. Гэхдээ Засгийн газрыг нь огцруулж, намын даргын тамгыг нь хураалаа гээд “Алтангадас” фракцын хүч суларч, Н.Алтанхуягийн нөлөөлөл багассан гэвэл өрөөсгөл. АН-ын VI Их хурлын үеэр Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан нь АН-ын ялагдлын шалтгаан байсныг хүн бүр хүлээн зөвшөөрч, холбогдох эрхмүүдээс хариуцлага нэхэж байсан нь үүний илрэл. Эрх мэдлийн хуваарилалт нь С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийн гарт төвлөрснөөс биш Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас”-ынхан тэсэрвэл АН-ын цаг агаар бүрхэг болох нь тодорхой. Н.Алтанхуяг өөрөө дуугарахгүй, хөдлөхгүй байгаа болохоос түүнд хариугаа авах магадгүй шүдэнз зурах сэдэл бий юү гэвэл мэдээж бий. Гагцхүү хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг тэр тохиромжтой цаг үе гарч ирэхийг хүлээж суугаа болов уу.

Үүн дээр “МоАН”, “Нэг ардчилал” болон гомдогсдын гээд эрх мэдлийн хуваарилалтын гадна үлдсэн хэсгийг нэмж тооцвол АН-ын хувь заяа бүхэлдээ бүрхэгшиж мэдэх. Ийнхүү АН-д үүссэн зөрчил нь хурцадсаар зодоон болоход ойрхон болжээ. Хуурай өвсөнд тавьсан гал хоромхон хугацаанд газар авдагтай адил нөхцөлд АН-д иржээ. Гагцхүү Н.Алтанхуяг тэрхүү гал дээр тос асгах уу, ус асгах уу гэдгийг харах л үлдэж байна.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.