Билгийн тооллын зуны дунд шар морь сарын 18-нд буюу өчигдөр Хүрээ Майдар бурханы нээлтийн ажиллагаа Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд боллоо.
Шашин номын үйл ажиллагаа дахин сэргэсэн 1990-ээд оны эхэн үеэс тус хийдийн Хамба лам, МУСГЗ, доктор, профессор Ч.Дамбажав тэргүүтэй лам хуврагууд Монголчуудын уламжлалт шашин соёлын нандин өв болох Хүрээ Майдар бурханыг дуганы хамт дахин сэргээх буянтай үйлсийг санаачлан эхлүүлсэн билээ.
Улмаар 2005 онд Майдар төслийг албан ёсоор нийтэд танилцуулж, бурханы эх загвар бүтээлгэх болон дуганы зураг төслийн ажлыг эхлүүлж, хуучин уламжлалт хэв шинжийг хадгалсан, орчин үеийн ололт дэвшлийг тусгасан, шашин соёл болон нийтэд зориулсан олон талт үйл ажиллагааг эрхэлж болохуйц цогцолбор байхаар төлөвлөсөн.
Барималч Н.Оргилын бүтээсэн эх загварын дагуу 19 метр өндөр Майдар бурханыг БНХАУ-ын Сы чуань мужийн Чэндү хотод 2010 оноос эхлэн Хятад, Төвд, Балбын урчууд зэс хөөмлөөр бүтээж эхэлсэн юм.
Майдарын дуганы зураг төслийг “Baldan’s” ХХК-ийн архитекторч Д.Балдан, “Сүлд Проект” ХХК-ийн архитекторч Г.Нямцогт нар хийж гүйцэтгэсэн байна.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв.
Тэрбээр хэлэхдээ, “Өнөөдөр Монголчууд бидний түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх буянтай сайхан үйл явдал тохиож байна. Манай уламжлалт шашин, соёлын нандин өв болох Хүрээ Майдар бурханы дуганы хамт дахин сэргээх сайхан үйлийг санаачлан эхлүүлж, бүтээн босгосон та бүхний цаглашгүй буян дэлгэрэх болтугай. Майдар бурхан бол энэрэл нигүүлсэл, эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан хөгжил дэвшлийн их шүтээн юм. Хүрээ Майдар бурхан ийнхүү заларч байгаа нь Монголчууд бидний итгэлийн зангилааг бататган бөхөлж, хөгжил дэвшлийн сайн цаг ирж яваагийн тэмдэг гэж би хувьдаа ихэд билэгшээн залбирч байна. Хүн төрлийг олж, тэр тусмаа бурханы ном түгэн дэлгэрсэн газар төрөх нь ховор хувь заяа, аз завшаан гэсэн бурхан багшийн айлдвар бий. Хувь төөргийн эрхээр Монгол оронд маань бурханы шашин бууран бүдгэрэх цаг үе байсныг та бид мэднэ. Тэгвэл өнөөдөр бурханы шашин сэргэн мандсан сайн цагт Хүрээ Майдар бурханыг дахин сэргээж, бүтээн байгуулсан их түүхийн гэрч болж буй та бүхэнд халуун баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. Хүн бүрийн сэтгэлийн хойморт Хүрээ Майдар бурхан заларч номын цгаан буян түгэн дэлгэрэх болтугай” гэв.
Хүрээ Майдар бурханыг анх 1834-1837 онд долоон алд буюу 50 тохой өндөртэй бүтээж байжээ. Гэвч бурхан шашныг дарсан хэлмэгдүүлэлтийн үед буюу 1942-1943 онд устгасан байна. Энэхүү бурханыг эргэн сэргээх ажил 1990 онд Зүүн хүрээ Дашчойлин хийд дахин сэргэхтэй зэрэгцэн эхэлжээ.
Сайн цагийн мянган бурханы тав дахь бурхан болох Хүрээ Майдар бурхныг нүдээр үзвэл бие, хэл, сэтгэлийн цаглашгүй их буян хураадаг байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.