Санкт-Петербургийн халдлагыг киргиз гаралтай залуу үйлджээ

2017-04-5 Ертөнц

Энэ долоо хоногийн даваа гарагт Санкт-Петербург хотын метронд халдлага үйлдсэн этгээд хэн болохыг Оросын мөрдөн шинжээчид тогтоожээ.

Оросын Мөрдөн шалгах хорооны мэдэгдсэнээр, киргиз гаралтай 22 настай Акбаржон Жалилов гэгч залуу метронд өөрийгөө дэлбэлсэн байна. Халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 14-д хүрээд байгаа юм.

Халдлага болсон өдөр ойролцоохи метроны буудлаас өөр нэгэн тэсрэх төхөөрөмжийг илрүүлэн аюулгүй болгосон билээ. Уг тэсрэх төхөөрөмж байсан цүнхнээс сэжигтний ДНХ-г бид олж илрүүлсэн гэж мөрдөн шинжээчид хэлэв.

Киргиз гаралтай Оросын иргэн уг халдлагад холбоотой байж магадгүй гэж Киргизстаны Үндэсний аюулгүй байдлын хороо өмнө нь мэдэгдэж байсан юм.

А.Уянга

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.