Нийслэлийнхэн хурмаст тэнгэртэй “холбоо тогтоож”, хур хайрлав

2018-06-18 Нийгэм

Сондгой өнцөг

Энэ цагаас хойш Монгол Улс ган гээчийг мэдрэхгүй ганган амьдрах болно. Тийм ээ, манай нийслэлийн Захирагчийн алба, Цаг уурын орчны шинжилгээний газартай хамтран бороо оруулах үүл цуглуулдаг чамин аргад нэвт шувт гаршиж гэнэ. Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол юуг та нар гайхамшиг гэж нэрлэх гээв?

Энэхүү хоёр байгууллагынхаа буянаар өнгөрөгч амралтын өдрүүд хуртай сайхан байлаа. Улаанбаатар хотыг хэдэн өдөр тойрон орж байсан бороо гэнэт нийслэлийн иргэн миний толгой дээр буусан нь тэдний маань хишиг байж. Та бүхэндээ гялайлаа. Хурмаст тэнгэртэй “холбоо” тогтоож, хүссэн газраа хур буулгах шидтэй төрсөн дээрх хоёр газрын арга билэгт иргэн бид чинь бишрээд ханамгүй. Энэ их хувь тохиолыг эдлэнхэн суудаг нийслэлийн иргэн би мөн ч хувьтайяа. Та бүхний буянаар хотод наадам сайхан болох нь.

Үгүй тэгээд эхнээсээ борооны захиалга орон нутгаас шилээ даран ирж байгаа дуулдана. Эрхэм хоёр албаныхан үүл цуглуулж, хур хайрлах их үйлсээ хойч үедээ өвлүүлэн үлдээж хүн зондоо буян хураах тий. Та бүхнийхээ энэ их заяаг үеийн үедээ ам дамжуулан түүчээлүүлэн хуучлах болно. Ер нь энэ шидийн явдлыг тань улаан номондоо данслан үлдээсэн ч багадах болов уу…

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.