С.Батболд: Газрыг зөвхөн биржээр дамжуулан худалдаалдаг болно

2018-06-18 Нийгэм

Энэ удаагийнхаа зочноор Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг урин ярилцлаа. Тэрбээр нийслэлийн өнгө төрх болоод ирээдүйн талаар ийн тодруулж байна.

Иргэдийн тоо албан бусаар 1,6 саяд хүрсэн нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжиж тэлэхийн хэрээр иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд багагүй асуудал тулгарч байгаа нь бодит үнэн. Энэ талаар нийслэлийн Засаг даргын хувьд ямар гарц байна гэж харж байна вэ?

Таны хэлж байгаа асуудалтай санал нийлж байна. Энэ асуудал нийслэлийн толгойны өвчин болоод байна. Гэхдээ Улаанбаатар хот өөрөө бизнесийн том боломж. Үүнийг бид зөв харж таны хөндсөн дээрх асуудлыг шийдвэрлэх ёстой. Хамгийн гол нь аливаа асуудлыг болохгүй бүтэхгүй талаас нь харж шүүмжлээд өнгөрөх биш, ямар гарц боломж байна гэдгийг харах нь зөв юм. Мөн хувийн хэвшлийн гүйцэтгэж байгаа, болж бүтэж байгаа ажил руу гар дүрэх биш, харин аль болох дэмжих байр суурь баримтлан ажиллаж байна.

Нийслэлийн зүгээс нийгмийн дэд бүтцийг бий болгох тал дээр ямар ажил хийж байна вэ?

Мэдээж нэлээд хэдэн ажил эхлүүлсэн. Хамгийн сүүлд авиа компаниудын үйл ажиллагааг олшруулахаар ажиллаж байна. Бүхэл бүтэн улс дөрөвхөн авиа компанитай харилцдаг нь учир дутагдалтай. Тиймээс Зам тээврийн яамтай ярилцан, цаашид агаарын тээврийн глобалчлалыг эхлүүлэхээр болсон. Эхний ээлжинд “Asiana” компанитай хамтарч ажиллахаар тохиролцсон. Мөн “Торгоны зам”-ын хүрээнд хурдны замын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн 1950, 1970-аад онд ашиглалтад орсон хотын гүүрнүүдийн шинэчлэлийг энэ жилээс эхлүүлсэн. Ажлын явж хэвийн үргэлжилж байгаа. Онцлон хэлэхэд, Зайсангийн гүүрний өнгө төрхийг сайжруулан хэлбэр загварыг нь хадгалан авч үлдэх шийдвэр гарган ажиллаж байна.

Түүнчлэн хот өргөжихийн хэрээр эрх зүйн орчинг сайж­руулах шаардлага гарч байгаа нь бас л харагдаж байна. Энэ асуудалд ямар хариулт өгөх вэ?

Тийм ээ, бид энэ асуудлыг хөндөж байгаа. Эхний ээлжинд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барисан. Үүнд хотын түгжрэлийг бууруулах, газар төлөвлөлтийг сайжруулах олон заалт орсон. Мөн иргэдэд газар олгох асуудал үеийн үед хэл ам дагуулж, гар дамжин наймаалцдаг хэрэгсэл мэтээр явж ирснийг болиулах үүднээс газрыг зөвхөн биржээр дамжуулан худалдаалж байхаар зохицуулалт хийхээр ажиллаж байна.

Энэ зун хотын өнгө төрхийг засах тал дээр нэлээд ажиллаж байна. Энэ талаар тодруулна уу?

Хувийн хэвшлийнхэн болон аж ахуй нэгж байгуул­лагын захирлуудтай Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлэх төсөл, шинэ санал санаачлагын талаар уулзалт хийсэн. Мөн аялал жуулчлалын сал­барт мэргэжлийн холбоод хамтран ажиллаж, хотын даргын дэргэд “Эвэнтийн зөвлөл” байгуулах, мөн хотын төв цэг буюу Төв шуудангийн орчмын замын тэмдэг, тэмдэглээг шинэчилж, орчин үеийн технологи бүхий “JOBI” будгаар будах, Улаанбаатар хотын аплейкэшнийг жуулчдад ойлгомжтой газрын зураг бүхий дүрслэл, тэмдэглэгээтэй хийх, барилгын салбар, гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого төлөвлөлтөд хамтран ажиллах зэрэг санал дэвшүүлж харилцан ярилцаж ажиллаа.

Улаанбаатар хотыг эко болгох зорилт тавьж байгаа. Энэ ажил ямар шатанд явж байгаа вэ?

Үрээр суулгац бэлддэг аж ахуйн үйл ажиллагаатай удахгүй очиж танилцана. Мөн хотын таксинаас өгсүүлээд барилга байгууламж, дэд бүтэц, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, боловсрол гээд бүхий л салбарт хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах болно.

Ер нь нийслэл хувийн хэвшлийг нэлээд дэмжин ажиллаж байгаа нь таны ярианаас ажиглагдаж байна. Энэ талаар?

Иргэн баян бол төр баян гэдэг шүү дээ. Бизнес эрхлэгчдэд болон хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Тухайлбал, Улаанбаатар хот өнөөдөр 15000 хүний суудалтай цэнгэлдэхэд багтан ядан баяр наадмаа тэмдэглэж байна. Жуулчид хангалттай үйлчлүүлж чадахгүй, иргэд ч суудалгүй байх тохиолдол жилийн жилд асуудал дагуулдаг. Тиймээс нийслэлээс газрын асуудлаа шийдье. Хотдоо 45000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихад хувийн хэвшлийнхэн туслах хэрэгтэй байна. Энэ асуудлаар холбогдох газруудтай ярилцаж л байна. Мөн Засгийн газрын 330 дугаар тогтоолд үндэслэн Нийслэлд мөрдөх журмыг гаргах бөгөөд үүгээр дамжуулан үйлдвэрлэгч нарт давуу тал олгон бүтээгдэхүүнийг нь худалдан авах хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ эмэгтэй бизнес эрхлэгчдийг түлхүү дэмжин, нийслэлийн худалдан авалтад тодорхой хувиар квот олгоно. Түүнчлэн “Бизон” хэмээх апп үйлдвэрлэгч компанитай хот хамтарч такси үйлчилгээг шинэ шатанд гаргахаар болсон. Мөн нийслэлийн замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулахад “Жоби” компанитай хамтран ажиллахаар болсон.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.