УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал боловсруулсан.Тухайлбал, хуулийн төсөлд иргэн газраа өмчилсөн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ олгох, үрэгдүүлсэн тохиолдолд гэрчилгээг дахин олгохтой холбоотой зохицуулалтыг нэмэх болсон. Мөн газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх үйлчилгээг иргэнд аль болох хүнд суртал, чирэгдэлгүй хүргэх зорилгоор 28 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан. Мөн уг хуулийг зөрчсөн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын заалтыг нэмэх зэрэг 25 зарчмын зөрүүтэй санал бэлтгэсэн” гэлээ.
Гэр хорооллын иргэд өмчилсөн газартаа байшин барьж, түүнийгээ үйлчилгээний зориулалтаар ашиглахыг хуулиар хориглодог. Үүнийг шийдвэрлэх тодорхой заалт орсон эсэхийг Ж.Ганбаатар гишүүн тодрууллаа. Газар өмчлөлийн тухай хуульд иргэд өмчилсөн газраа зориулалтын дагуу ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, иргэд 0.7 га газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн тохиолдолд зориулалтыг өөрчилж, үйлчилгээ эрхлэх боломжгүй гэдгийг Ажлын хэсэг хариулав.
Мөн М.Билэгт гишүүн иргэн, аж ахуйн нэгжид эзэмших, ашиглах зориулалтаар олгосон газрыг хожим нь тухайн эзэмшигчийн хүсэлтийг харгалзан өмчлөх заалт оруулахыг хориглох санал гаргасан. Ингэснээр Монгол Улсын газар нутгийг хамгаалах, гадны иргэн, аж ахуйн нэгжид газар өмчлүүлэхгүй байх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үед М.Билэгт гишүүний саналыг тусгах чиглэлд анхаарахыг УИХ-ын дарга хэллээ.
Ийнхүү чуулганы хуралдаанаар ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.