Мэргэжлийн хяналт паркийн удирдлагуудад худалдагдчихсан юм биш биз

2018-06-15 Нийгэм


Австралид паркийн тоглоом эвдэрч, 4 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан удаатай. Азаар Монголд хүний амь нас эрсдсэнгүй. Гэхдээ энэ бол баярлаад байх зүйл биш. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Сансрын хөлөг” тоглоомоор тоглож байсан хүүхдүүд гэмтсэн хүүхдүүдийн нэгнийх нь бие сайнгүй байгаа. Хэдийгээр пракийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаагаад байгаа ч удахгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэх биз. Ингэж хардах үндэслэл бий.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд хүүхдийн паркад осол гарч, хүний аминд хүрэх шахсан. Тухайн үед тус паркийн тоглоомын оператор залуу “Галзуу хулганы хэсэгт эвдрэл гарч, тухайн үед сууж байсан 16 хүн гэмтэх дөхлөө” гэсэн мэдээллийг цацсан юм. Харин тус тоглоомын төвийн удирдлагууд энэ мэдээллийг цацсан ажилтнаа чөлөөлж, тоглоом эвдрээгүй хэмээн үгүйсгэсэн удаатай.

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр мэргэжлийн хяналтын байгууллага өнөөдрийнх шиг паркийн тоглоомонд шалгалт хийхээр шийдвэрлэж байлаа. Галзуу хулгана тоглоомд гэмтэл гарч, 16 хүний биед аюул учрах шахсаны дараа мэргэжлийн хяналт шалгалт оруулсан. Улмаар хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Үндэсний соѐл амралтын хүрээлэн” ХХК-ийн “Дөрвөн цагирагт тойрог зам” буюу бидний нэрлэж заншсанаар галзуу хулгана тоглоомын ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байдаг. Уг тоглоомыг 2013 онд угсарч суурилуулсан бөгөөд НЕТГ-ын 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 2014/225 дугаар бүхий улсын комиссын актаар ашиглалтанд хүлээн авсан. Тоглоомын тоормос, аюулгүй ажиллагааны хэрэгслүүдийн ажиллагааг газар дээр нь шалгахад өгсөх замын тоормозны урд талынх нь үл буцаахын пүрш байхгүй, хойд талын үл буцаахын пүрш тасарсныг илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжийн өдөр тутмын ашиглалтын зааврын дагуу үзлэг шалгалтыг хийж гүйцэтгээгүй, цуваа машины суудлыг бэхлэх буюу сөхөх хаах зориулалт бүхий хамгаалалтын тусгаарлагчийн бэхэлгээний боолтны хэсэг сэтэрсэн гэхчлэн дүгнэлт гаргасан нь хэр аюултайг илтгэнэ.

Түүнчлэн оператор болон үйлчилгээний ажилтан нь өдөр тутмын сургалтанд хамрагдсан, ажлын байрны үнэмлэхтэй боловч мэргэшүүлсэн үнэмлэхгүй, Оператор болон үйлчилгээний ажилтныг аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан ажлын байранд хувиарийн дагуу ажиллуулаагүйн улмаас анхаарал болгоомж, дотоодын сахилга дэг журмыг зөрчсөн зэрэг зөрчлүүд илэрсэн байдаг.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Батнягтын хэлснээр жил бүр парк нээлтээ хийхээс өмнө МХЕГ-аас тоглоомнуудын чанар стандартын асуудлаар мэдэгдэл ирүүлдэг. Түүний дагуу бид засвар үйлчилгээгээ хийгээд үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Энэ удаад ч ялгаагүй.

Гэвч тийм атал 2013 онд паркийн гинжин тоглоомын гинж нь тасарч байсан, өдгөө пуужин “газардлаа”. Мэргэжлийн хяналтын дүгнэлт таагүй гарах нь ч тодорхой биз. Гэсэн ч урьдын адил үйл ажиллагаа нь мөн л хэвийн үргэлжилж, аль тоглоомд гэмтэл гарч, хэний хүүхэд эрсдэх бол гэх айдас л үлдэх бололтой юм.

Паркийг анх 1965 оны 11-р сарын 10-ны өдрийн шийдвэрээр “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр байгуулж байсан бөгөөд тус газар нь нийт 30 тоглоомтой байжээ. Ихэнхийг нь Хонгконгогоос авчирсан гэх ч зөвлөлтийн үеийн тоглоомнуудтай. Паркийн насжилт он цагийн аясаар өгөршихтэй адил тоглоомууд ч эдэлгээний хугацаа дууссан. Хэдийгээр хэдэн жилийн өмнө шинэчлэл хийж, 1.6 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас тоглоом захиалгаар хийлгэсэн ч эхнээсээ аюул даллаж эхэлсэн нь энэ. Түүнчлэн олон жил болж хуучирсан тоглоомон дээр Хятадад актлагдсан байсан тоглоомыг оруулж ирж угсран ажиллуулсан гэх мэдээлэл ч хөврөх нь бий. Тиймээс хүүхдээ золиослох өдрийг хүлээж суухаар өнгө мөнгөнд дуртай паркийн үйл ажиллагааг нэг мөр хаачихсан дээр юм биш үү, мэргэжлийн хяналтынхаан.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.