Ирэх парламентын сонгуулийн анир төрийн эрхийг дагнан барьдаг хоёр намд жинтэй эхэлж байна шүү. Сонгогч бидэнд л 2020 он хол санагдаж буй ч горилогсод хэдийнэ гандан хийдээр орж, зам мөрөө засуулах ажиллагаанд оржээ.
АН-ынхан ирэх сунгааны бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орлоо. Парламентад суудалтай түшээд нь үгсэн хуйвалдан У.Хүрэлсүхийн танхимын хэдэн сайдаар “туг тахих”-аар хэл амаа бэлүүдэж сууна. Тэдний эхний бай нь олны хэл аманд байнга өртөж, хэрүүл амтай суудаг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар аж. Гэвч 65-ын бүлэг эрхэм сайд нараа огцруулах үндэслэлгүй гэх тайлбар өгч, халуун цээжээрээ өмгөөлж байна. Ямартай ч юун төлөө эрх барьж буй билээ, тийм ч амархан сайд нараа тавиад туучихгүй л байх. Одоогоор УИХ дахь АН-ын бүлэг эл асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэдэгдсэнээр хоёр сайдыг огцруулах улстөржилт түрхэндээ намжаад байна.
Түүнчлэн АН-ын арын албыг залгуулдаг ажилтнууд нь гар хумхин зүгээр суухгүй сонгуулийн зам мөрөө хөөгөөд эхэлжээ. Тэд аль хэдийнэ “Монголоо сонсох”-оор 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд хүрч ажиллахаар аяны жолоо өргөж, өнгөрөгч өдрүүдэд энэхүү аянаа Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхэлсэн. Ийнхүү АН-ынхан ирэх сонгуулийн ажилдаа дээд, доод шатандаа гүйлдэж эхлэв. Ёстой л унасан бөх ууртай гэгчээр ирэх сунгаанд эртнээс бэлдэж, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ард түмний хүсэл хясал, уур амьсгалыг эртнээс сонсч, намын мөрийн хөтөлбөртөө шингээн байж, 65-ын бүлгийг ирэх сонгуулиар хага ярах ажиллагаа хэрэгжүүлэхээр зэхэж буй.
Харин эрх баригч намын хувьд, тогоондоо хэрүүлтэй томчууд нь будлиантай сууна. Юутай ч нийслэлийн МАН-ын хороо ирэх сарын 7-нд Бага хурлаа зохион байгуулж, хурган даргаа сонгох гэнэ. Энэхүү хурлаасаа ирэх сонгуулийн өнгөө зүсэлж, их л зүйл хүлээж буй юм байх. Гэвч дээгүүрээ томчууд нь сэвж гүйгээд байгаа болохоос “албатууд” нь төв намынхаа байрыг гороолж суулт хүртэл зарлахаа мэдэгдээд байна. Янз нь дээр, доороо бас л ойлголцохгүй, хэрүүлийн алимаа өнхөрүүлж суугаа юмдаг уу. Зүй нь намын Бага хуралд нийт 369 саналын эрх бүхий төлөөлөгч оролцохоос 69-ийг нь нийслэлийн МАН-ын хорооны өнөөгийн удирдлагуудын тойрон хүрээлэгчдэд олгохоор болсон гэх шив. Тиймээс л дүүргүүдийн гишүүдэд мандат хуваарилсан байдал нь тэгш бус болж, нөгөөдүүл нь томчуудаа суултаар бойкотлох төлөвлөгөө намнаж байгаа нь энэ юм байх. Уг нь ч ирэх сонгуулийн сайн сайхнаа бодвол ч намын нийт 152 үүрээсээ ижил тоотой төлөөлөгчид оролцох ёстой л доо. Гэвч дарга нар нь квотод багтаж байгаа хүмүүсийн нэрээ нам дарчихаад, “жаалууд”-аа тоохгүй хоорондоо хуралдаад байгаа мэдээтэй.
О.ГЭРЭЛ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30454
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.