УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар С.Эрдэнэ гишүүний өргөн барьсан Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хамгийн эхэнд хэлэлцсэн ч нийт гишүүний зургаа нь л төслийг дэмжсэнээр хууль санаачлагчид нь буцаав. Уг нь тус хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дэмжээд байсан юм. Гэвч чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. Зүй нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд энэхүү хуулийн төслийг хэлэлцээд, дэмжихгүй байх нэгдсэн шийдэлд хүрээд байсан юм.
Уг хуулийн төслийн талаар тодруулбал, ардчилсан хувьсгалын анхдагчид гэсэн тодотголтой 1500 орчим хүнд төрөөс тэтгэмж олгох агуулгатай байсан. Эдгээр иргэнд 40-45 мвк талбайтай орон сууц, эсвэл түүнтэй тэнцэх мөнгөн дэмжлэг олгохоор хуулийн төсөлд тусгасан байлаа. Үүнд нийтдээ 70 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо хийгээд байжээ.
Ийнхүү өнөөдрийн чуулганы дараагийн асуудал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавиад удаж байна. Засгийн газар гурван талт зөвшилцөл дээр эвтэйхэн хүрээсэй гэж бодож байна. Үүнээс гадна ЗГХЭГ-т агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгээс хоёр удаа зөвлөмж хүргүүлсэн. Хийгдэж байгаа ажлынхаа талаар мэдээлэл ирүүлэхийг хүссэн боловч ямар мэдээлэл ирсэнгүй. Ажлын хэсэг хүлээгээд байгаа. Албан ёсоор хэлэхэд тавдугаар сарын 30-нд Засгийн газрын мэдээлэл сонсоно. Тайлан мэдээллээ ирүүлээрэй. Яагаад гэвэл ирэх онд түүхий нүүрс оруулахгүй учраас үлдсэн нэг жилийн хугацаанд хэн ямар ажил хийх талаар тодорхой төлөвлөгөөтэй танилцах хэрэгтэй байна” гэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Засгийн газар өрийг бууруулах тал дээр ямар бодлого баримталж байна вэ. Хоёрдугаарт, эдийн засгийн бүтцэд ямар өөрчлөлт гарч байгаа вэ. Татвартай холбоотой нэлээд хэл ам гарсан. Татвар нэмэгдүүлэх асуудал байхгүй гэж ойлгож байгаа. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох нь намын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Өрийг тасралтгүй буулгах бодлого явуулж байгаа. Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаснаар 2019 онд 55,3 хувь болгож бууруулахаар оруулж ирсэн. Ингэж буулгахад дотоодын өндөр хүүтэй бондыг төлсөн, бага хүүтэйгээр солих ажиллагаа хийгдсэн. 2017 онд 2 их наяд 817 тэрбум төгрөгийн өр барагдуулаад байна. Энэ бол зөвхөн дотоодын бондын өр юм. Дээрх хоёр их наяд төгрөг дээр нэмэгдээд гадаад өр байгаа. Өрийн хэмжээг буулгаж байж төсвийг сайжруулна. Авсан зээлийнхээ хүүд 1,4 их наяд төгрөг төлж байсан. Одоо 860 тэрбум төгрөг төлж байна. Ингэж буулгахын тулд нэлээд хүчин чармайлт гаргасан. Цаашид эдийн засгаа солонгоруулах тал дээр Засгийн газрын хуралдаанаар татварын багц хуулийг шинэчлэл хийх шийдвэр гаргасан. Энэ хуулийг баталснаар 2019 онд ЖДҮ-г хөгжүүлэх, уул уурхайгаас бусад салбарт эдийн засгийн түлхэлтийг бий болгож чадна гэж харж байгаа.
Дээрх хуулийн төслийг баталсны дараа “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв.
Харин үдээс хойш:
Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар“ тавьсан асуулгын хариуг сонсох юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.