Шагналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар гардуулсан бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүн шилдгээр шалгарсан яам, аймгийнханд баяр хүргэж хэлсэн үгэндээ “Засгийн газар 2017 онд эдийн засгийг богино хугацаанд сэргээх, өсөлтийг бий болгох, хугацаа тулсан өр, төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, банк, санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн халамж үзүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулан ажилласан бөгөөд манай улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарлаа.
2018, 2019 он бол их бүтээн байгуулалтын жил байх төдийгүй бидний иргэддээ амласан амлалтаа биелүүлэх чухал цаг хугацаа юм. Иймд цаг алдалгүй томоохон бүтээн байгуулалтын ажлаа хийж айл өрхийн амьдралд үр өгөөжийг нь хүргэх нь гол зорилго болж байна” гэсэн юм.