Хятадууд төмөр зам, авто зам, онгоцны том буудлууд гээд ер нь дэд бүтцийн асуудлаа шийдчихлээ. Одоо тэр бүхэнд зориулагдаж байсан мөнгөний аварга урсгалыг «Ард түмний амьдралыг сайжруулах», «Байгаль орчныг хамгаалах» гэсэн хоёр том зорилтыг шийдвэрлэхэд чиглүүлнэ дээ хэмээн дээхнэ бичиж байсан нь Хөххот, Бугат болон Ордос нэрт Өвөрмонголын гурван том хотыг дайран аялж байхад батлагдаж байлаа. Хөххотын гол бүтээн байгуулалтыг шинэ дүүргүүддээ төвлөрүүлж эргэн тойрны гацаа тосгоны айлуудын газрыг чөлөөлж тийш суурьшуулсан нь манайхаар бол «Гэр хорооллын дахин төлөвлөлтийг» бүрэн утгаар шийдэж чадсан байна. Хөххотын дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдсэний дараа Бугат руугаа тэр хөрөнгийн урсгалыг чиглүүлэх нь бараг тодорхой доо. Ордосын тухайд бол нөгөө хоёр том хотдоо үлгэр жишээ болохуйц ирээдүйн эко хотын өнгө төрхийг олчихсон санагдав.
Миний хувьд сүүлийн үед дийлэнх худалдан авсан номоо онгоц, галт тэргэн дотор уншиж гүйцээсэн байдаг юм. Бид дээрх гурван хотын номын дэлгүүрүүдээр зочлох зуур олон сонин сайхан ном нүдэнд тусаж байлаа. Тэр дунд монгол зохиолчдын цөөнгүй ном борлуулалт сайтай номын жагсаалтыг өнгөлж байгааг харахад бахтай сайхан санагдаж байв. Наяад оны дундуур орчуулагдан хэвлэгдсэн «Тунгалаг тамир» роман өнөө хэр нь борлуулалт сайтай байдаг гэнэ. Багабанди гуайн «Титэм үг», миний орчуулгаар хэвлэгдсэн «Чонон сүлд» болон «Чингис хаан» зурагт цуврал ном борлуулалтын жагсаалтанд дээгүүр жагсаж байна лээ. Тэр дунд «Си Зиньпингийн илгээлтээр ажилласан долоон жил» хэмээх ном сонирхолтой санагдсан тул галт тэргэн дотор гараас салгахгүй уншсаар дуусгаад толгой өндийх зуур Хятад улсын хөгжлийн оньс учгийг тодорхой хэмжээгээр тайлан ойлгосон мэт сэтгэгдэл төрж байсныг өгүүлэх юун.
Си Зиньпингийн аав цагтаа шадар сайдын алба хашиж байсныг манай зарим уншигчид дуулсан байх аа. Тэгээд арван долоон жилийн турш хэлмэгдэж шорон оронд хоригдож байсныг харин мэдэх болов уу? Өөрөөр хэлбэл хамгийн удаан хэлмэгдсэн хүмүүсийн тоонд багтах юм. Соёлын хувьсгалын ид үе буюу 1968 онд 15 таван настай Си Зиньпин Шаньси мужийн хамгийн аглаг бүдүүлэг тосгон руу илгээлтийн эзэн болон явжээ. Галт тэрэгний буудал дүүрэн цугларсан хүмүүс бүгд эр эмгүй уйлалдсаар илгээлтийн эзэн хүүхдүүдийг үдэхэд галт тэргэн дотор суусан хүүхэд залуус ч нус нулимстайгаа холилдож гүйцэлгүй яахав. Тэр дунд ганц л хүн инээвхийлэн зогсож байсан нь арван таван настай Си Зиньпин байсан гэнэ шүү. «Бээжинд үлдвэл амьд гарах магадлал багатай. Харин илгээлтээр явах нь тэр аюулаас холдож байгаа хэрэг.» гэдгийг тэр жаахан хүүхэд ухаарсан тул инээвхийлсэн байж таарна.
Тэгээд хөдөө тосгонд очоод дөрвөн том давааг давсаны эхнийх нь нохой бөөс, бөөс хуурс болон бясаа жоом зэргийн хөнөөл байжээ. Дараа нь мэдээжийн хэрэг сар болгон олгодог 20 кг хүрэхгүй амуу будааг эс тооцвол мах, өөх тосны барааг харах нь байтугай бодох ч хэрэггүй хэцүү орчин угтсан байна. Өөрөөр хэлбэл хүнсний асуудал хэмээх хоёрдахь том давааг давах хэрэгтэй болжээ.
Цагтаа шадар сайдын эрх хүү байсан арван таван настай жаахан хүүхэд нөгөө хатуу хүтүү арвай буудайгаа болгож идэхэд түлээ түлш хэрэгтэй болж таарна. Гэтэл тэр элс шавар дундахь эзгүй зэлүүд тосгонд мод байтугай өвс шарилж хүртэл нүдний гэм болохоор гуравдахь том даваа буюу түлээний асуудал ноцтой тулгарчээ. Дөрөвдөх даваа нь үзэл суртлын чанга хатуу хүлээс байж таарна. Тэнд очсон илгээлтийн эзэд нэг хоёр жилийн дараа ажилчин болох, цэрэгт явах зэргээр тэр хатуу бэрх орчингоос холдож байсан бол залуу хөвгүүн Си Зиньпингийн хувьд долоон жил тэр газарт хоригдсон нь бие бялдар, сэтгэлзүйн маш том сорилго сургалт болон хувирчээ.
Дөрвөн жилийн дараа тосгоны намын үүрийн дарга болсоны дараа юуны өмнө өөрт тулгарсан дөрвөн том асуудлыг шийдэхэд хамаг анхаарлаа зориулсан гэдэг. Тухайн үед Сычуань мужид том нүх ухаж намгийн хий үүсгээд түүнийгээ түлш түлээний зориулалтаар ашигладаг туршлагыг судлаж тосгондоо нэвтрүүлснээр эхний том давааг бүх нийтээрээ амжилттай давжээ. Түүгээр үл барам олдохуйяа бэрх нүдний гэм болсон дизель түлшний оронд намгийн хийг ашиглаж дизель моторыг ажиллуулснаар айл өрхийн гэрэлтүүлгийн асуудлыг шийдээд зогсохгүй орой үдэшдээ кино гаргах боломжтой болсон байна. Түлээ түлшний давааг амжилттай шийдсэний дараа хүн амын хүнсний асуудлыг цэгцлэж мах тостой золгуулсан төдийгүй төмрийн болон оёдлын үйлдвэр байгуулсан аж. Энэ бүхнийг муж хошууны удирдлага нааштай үнэлэн их дээд сургуульд явуулах эрх олгоход гурван сургуулийн аль нэгийг сонго хэмээх болзол тавьжээ. Гэтэл залуу Си Зиньпин гурвуулан дээр нь «Цинхуа их сургууль» хэмээн бөглөсөн нь Хятадын номер нэг их сургуулиас өөр газар сурахгүй гэдэг хатуу чанга зоригийн илэрхийлэл байж таарна. Тэр том сургуулийг амжилттай дүүргээд засгийн газар, хот мужийн захиргаанд ажиллах бүрэн боломж нээлттэй байтал засаг захиргааны бүр анхан шатны нэгжид очиж ажиллана хэмээн санал тавьж явсан нь ард түмний гүнд орж амьдралын сургуульд суралцах шиг илүү чухал зүйл үгүйг ойлгосон хүний шийдэл гэхээс өөр юу байхсан билээ. Тэгээд тосгон, гацаа, сум, муж, хот, яам гэх зэргээр очсон газар болгоныхоо ажлыг сайжруулж өнгөтэй өөдтэй болгоод байсны гол нууц нь долоон жил илгээлтийн эзний амаргүй хүнд бэрх дөрвөн давааг амжилттай давсаны хүч байж таарна.
Уг номонд Си Зиньпин Хятадын Буддын шажны том төв болох Өмэй уулнаа өөрийн зардлаар очиж арав хоног тэндхийн амьдрал ахуйг ажиглан сурвалжилсан тухай бичсэн нь ихэд сонирхолтой төдийгүй хожим түүний улсыг засаж төрийг төвхнүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн тухай номын зохиогч дурдсан байна лээ. Уг нь Си Зиньпин аавынхаа төрсөн нутаг руу илгээлтээр очсон боловч ах дүү хамаатан садангууд нь төдийлөн туслаагүй гэдэг юм. Аль ч газрын хүмүүсийн зангаар «Танай аав том дарга байхдаа бидэнд тэгтэл туслаж байл уу? Одоо ядарч зүдрээд ирэхээр биднийг бараадна гэж юу байх билээ.» гэсэн хандлага гаргасан тухай хятадын сүлжээн дээр уншиж байсан л даа. Тэгээд энэ тухай ээж рүүгээ бичихэд «Өвөрмонголын Улаанхүү даргыг бараадан очвол зүгээр. Аавын чинь сайн найз байгаа юм.» хэмээн хариу захиандаа зөвлөсөн аж. Тэгээд Өвөрмонголыг зорин очиход Улаанхүү дарга хэлмэгдээд шоронд орчихсон. Охин нь түүнийг өөрийн хүүгээс өөрцгүй дотно хүлээн аваад хоол унд, мөнгө төгрөгөөр харамгүй тусласан нь залуу хөвгүүний сэтгэлд гүнээ хадгалагдан үлдсэн байж таарна. Энэ түүх хэдийгээр хятадын олон нийтийн сүлжээгээр тархсан дам мэдээлэл боловч Си Зиньпин төрийн тэргүүний сэнтийд залраад удаагүй байхдаа эхнэрийн хамт Улаанхүү даргын охин болох ер гарсан тэр хөгшин дээр очиж золгосон нь дээрх мэдээлэл оргүй хоосон зүйл биш болохыг илтгэнэ.
Өлөн зэлмүүн тэр хүнд хэцүү нөхцөлд Си Зиньпин зав л гарвал номноос салдаггүй байсан тухай уг номонд олон жишээгээр өгүүлсэн байна лээ. Манай уншигчид, ялангуяа залуу уншигчид уг номыг нэг уншчихад тун гэмгүй санагдсан шүү. Тэр тусмаа манай төрийн түшээд хөгшин хөвөө гэлтгүй нэг уншаасай. Учир нь улс төрчийн хүч чадлын ундарга ард түмний гүнд байдгийг уг ном маш сайхан өгүүлсэн байна лээ. Энэ номыг миний бие ойрын үед орчуулан уншигчдынхаа гарт хүргэх болно.
Доктор, профессор Д.Болдбаатар
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
21 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.