Кил Кан Мүг: Виз хурдан гаргана гэсэн үгэнд итгэх хэрэггүй, бид авлига авахгүй  

2018-05-10 Мэдээ, мэдээлэл

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд өдөрт 900 орчим иргэн тус улс руу зорчих хүсэлтээ илэрхийлж виз мэдүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Харамсалтай нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, насан туршдаа хар бүртгэлд орж байгаагаа өөрсдөө мэдэхгүй байгаа аж.  Өнөөдөр Солонгосын виз мэдүүлэхдээ хуурамчаар бичиг баримт бүрдүүлж буй талаар НДЕГ, БНСУ-ын Элчин сайдын яам, ЦЕГ-ын албаныхан мэдээлэл хийлээ.

 Г.Саран: Шинэ программ шимтгэл төлөлтийн лавлагаа тодорхойлолтыг хуурамчаар  үйлдэхийг зогсооно  

(НДЕГ-ын дэд дарга)

“Монгол, Солонгос хоёр улсын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг, худалдаа, нийгэм, соёлын олон салбарт идэвхтэй харилцаж байна. Өнөөдрийн байдлаар Солонгос улсад Монгол Улсын нийт хүн амын нэг хувьтай тэнцэх буюу 30 мянга орчим иргэн оршин сууж байгаагийн 5 мянга гаруй нь оюутан юм. Солонгост сурч, хөдөлмөрлөх зорилгоор түр оршин суугаад буцсан 300 мянга гаруй иргэд байна. Хоёр улсын хооронд харилцан зорчих иргэдийн тоо жилд 150 мянга орчим байдаг бөгөөд БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд өдөрт 900 орчим иргэн тус улс руу зорчих хүсэлтээ илэрхийлж виз мэдүүлдэг гэсэн судалгаа бий.

Иргэдийн зорчих урсгал нэмэгдэж, тус улсыг зорих сонирхолд дөрөөлөн зарим нэг хууль бус үйлдэл гарч байна. Тухайлбал, БНСУ руу зорчихоор виз мэдүүлж буй иргэдийн эдийн засаг санхүүгийн баталгааг лавлах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг бүрдүүлэх материалын жагсаалтад оруулсан байдаг. Гэвч иргэд тус лавлагааг хуурамчаар үйлдэх тохиолдол буурахгүй байгаа тул Нийгмийн даатгалын байгууллага болон тус улсын ЭСЯ хамтран ажиллаж, хяналт тавихаар боллоо. Тодруулбал, Нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг хуурамчаар үйлдэж бичилт хийх, хэн нэгэн этгээд засвар оруулах боломжийг хаах зорилгоор лавлагааны маягтыг шинэчилсэн. Мөн ЭСЯ, арилжааны банк зэрэг эрх бүхий гуравдагч этгээд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын бодит байдлыг шалгах зориулалт бүхий программ хангамжийг шинээр нэвтрүүллээ. Энэхүү программаар Төрийн үйлчилгээний цахим машин/ТҮЦ/-аас авсан шимтгэл төлөлтийн тодорхойлолт, лавлагааны үнэн эсэхийг шалгахдаа тухайн тодорхойлолт дээрх QR кодын доор байрлах “К” үсгээр эхэлсэн 13 оронтой код, иргэний регистрийн дугаарыг http://data.ndaatgal.mn:8080/checklav оруулж нягтлах боломжтой. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хуурамчаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа тодорхойлолт үйлдэх явдлыг бууруулна гэж үзэж байна” гэлээ.

 Кил Кан Мүг: Танилтай, виз хурдан гаргана гэсэн үгэнд итгэх хэрэггүй, бид авлига авахгүй  

(БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд консул)

“Сүүлийн үед БНСУ-д зорчих визийг мэдээлэхдээ төрийн болон хувийн хэвшлийнхний тодорхойлолт нийгмийн даатгалын шимтгэлийг хуурамчаар үйлдэх болсон. 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байгаа нь харамсалтай. Тухайлбал иргэд виз мэдүүлэхдээ гэрлэлт, нийгмийн даатгал, урилга, дансны хуулга банкинд 5 сая төгрөг байршуулсан гэх тодорхойлолт, БНСУ-д суралцаж буй оюутан гэсэн хуурамч бичиг баримтыг бүрдүүлэх нь нэмэгдлээ.

Хамгийн аюултай нь европын орнууд руу зорчсон гэсэн хуурамч виз хүртэл авч ирж байна.

Өнгөрсөн 4 дүгээр сард хуурамч материалын тоо 400-500-д хүрсэн. Хуурамчаар бичиг баримт үйлдвэл хамгийн багадаа 1 жил, цаашлаад хугацаагүйгээр Солонгост виз мэдүүлэх эрхийг нь хаана. Цахим сүлжээгээр дамжуулан 100 мянгаас -5 сая төгрөгөөр бичиг баримт гаргадаг хүмүүс байна. Эдгээр хүмүүст залилуулан эд, хөрөнгөөрөө хохирохгүй байхыг хүмүүст анхааруулья. Улмаар гэмт хэрэгтэн болох нөцөл үүсч байгаа учир Солонгосын ЭСЯ-нд таньдаг хүнтэй виз гаргаж өгнө гэсэн хүмүүсээс болгоомжлохыг сэрэмжлүүлж байна. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам ямар ч мөнгө авдаггүй. Гагцхүү иргэн та визний хүсэлт гаргахдаа ном ёсоор нь бичиг баримтаа бүрдүүлэх шаардлагатай. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлэх явдал нь гэмт хэрэг. Тиймээс үүнийг газар авахуулахгүйн тулд хяналтыг маш сайн тавьж байна. Визийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэх нь нийгмийн итгэлцлийг алдагдуулж байна. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн этгээд бус виз мэдүүлсэн хүнд эрүүгийн хариуцлага үүрэх учир үүнд маш болгоомжтой хандах ёстой. Түүнчлэн иргэд эмчилгээний аяллын виз буюу С-3 авахдаа заавал ГХЯ-ны нот бичиг шаардлагатай гэж ойлгодог. Гэтэл энэ нот бичиг нь заавал байх шаардлагагүй” гэв.

 М.Мөнхшүр: Хуурамчаар бичиг баримт үйлдвэл  2-6 жилээр хорих ял шийтгэлтэй 

(ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад)

“Цагдаагийн байгуулагад хуурамчаар бичиг баримт бүрдүүлэх асуудлаар 2013-2018 онд 11 гэмт хэрэг шалгагдсан. Хуурамчаар бичиг баримт үйлдэж буй хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19 дүгээр бүлгийн 14-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм. Үүнд нэгжээр буюу мөнгөн дүнгээр торгох 1-6 жилээр зочих эрхийг хязгаарлах, 2-6 жилээр хорих ялаар шийтгэнэ. Тиймээс Цагдаагийн байгууллагаас хэрэв та аль нэг улсад очиж хөдөлмөр эрхлэх гэж байгаа бол хуулийн дагуу мэдүүлэг, бичиг баримтаа бүрдүүлж, өгсний дагуу улсын хилээр нэвтрэхийг Цагдаагийн байгууллагаас сануулж байна” гэв.

М.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.