Стратегийн орд газруудад УИХ, Засгийн газрын гишүүд ажиллалаа

2018-05-10 Засгийн газар

-Өнгөрсөн жил Шивээ хүрэнгийн боомтоор 13 сая тонн нүүрс экспортолжээ-

Монгол Улсын нүүрсний экспортын 50 хувийг үүрч буйӨмнөговь аймгийн Гурван тэс сумын нүүрсний ай савд үйл ажиллагаа явуулдаг компаниудад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ- ын гишүүн Б.Энхболд, Н.Амарзаяа нар болон яам, агентлагийн орлогч дарга нар ажиллалаа.
Гурван тэс суманд өдгөө “Саус гоби сэндс”, МАК, Чинхуа МАК, “Өсөх зоос”, “Жавхлант орд” зэрэг компаниуд нүүрс олборлон ажиллаж байна. Өнгөрсөн жил тус компаниуд нийтдээ 13 орчим сая тонн нүүрс экспортложээ. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Шивээ хүрэнгийн боомтоор нийтдээ 4.7 сая тонн нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Боомтоор гарч буй нийт бүтээгдэхүүний 99 орчим хувийг нүүрс дангаараа эзэлдэг бөгөөд 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар татвараар 4.1 тэрбум төгрөг, хураамжаар 7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь төлөвлөгөөг даруй 171 хувиар давуулан биелүүлсэнтухайгаатус боомтын Хилийн 0166-р ангийн захирагч, хурандаа П.Наранбат УУХҮ-ийн сайдад дуулгав.
Нүүрс олборлож буй дээрх дөрвөн компани хамтран экспортын бүрдүүлэлтийг шуурхай болгох зорилгоор Шивээ хүрэнгийн боомтын гаалийн хяналтын бүсийг хамтран шинээр засч тохижуулан, нүүрс тээврийн дөрвөн гарцыг шинээр байгуулж, хүнд даацын автомашин явах хатуу хучилттай авто замыг байгуулжээ.

Нүүрсийг баяжуулахдаа эргэлтийн усны 90 хувийг буцаан ашиглаж байна


“Саус гоби сэндс” компанийн хувьд нүүрсээ нойтон технологиор баяжуулан, нэмүү өртөг шингээн экспортлодог бөгөөд эргэлтэд буй усны 90.2хувийг буцаан ашиглаж байгаа нь цэвэр усны нөөц хомсдолтой газарт тохиромжтой болохыг салбарын сайдад танилцуулав. Тус үйлдвэр нь хамгийн доод чанарын нүүрсийг угааж, А ангилалын нүүрсэн бүтээгдэхүүн болгон гаргадаг Монголд нэвтрүүлсэн анхны нүүрс угаах дэвшилтэт үйлдвэр аж. Баяжуулахдаа байгаль орчинд хортой химийн бодис ашигладаггүй, хаягдал гарахгүй, ус бага ашигладаг зэрэг давуу талтай аж. Үйлдвэрийн усны хэрэгцээг ил уурхайн шүүрлийн ус, хур тунадасны улмаас бий болсон гадаргын хуримтлал /үерийн ус/ бүхий уурхайн ухлагт цугларсан усыг ашигладаг байна.
МАК компани мөн нүүрс нойтон технологиор баяжуулах үйлдвэрийг энэ оны эхний хагас жилд барьж ашиглалтад оруулахаар бүтээн байгууллатын ажил 86 орчим хувьтай явж байгааг ажлын хэсгийнхэнд танилцууллаа. Үйлдвэрийн тухайд эргэлтийн усыг ихээр буцаан ашиглах үүднээс хамгийн сүүлийн үеийн нүүрсийг усгүйжүүлэх технологитой юм байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор 22-25 хувийн үнслэгтэй нүүрсийг баяжуулж, 8 хувийн үнслэгтэй буюу өндөр чанартай болгох аж. Нүүрсний шинж чанар ийн өсөх нь компани төдийгүй улсын болон аймаг орон нутгийн төсөвт ихээхэн ач холбогдолтой аж.
“Усны эх үүсвэрийн хувьд 2011, 2012 оны үед хойноос маш их хэмжээний үер орж ирсэн. Манайх карьертаа одоо сая шоо метр үерийн ус хуримтлуулсан байгаа. Үүнээсээ хоолойгоор татаж, үйлдвэрийн эргэлтэнд оруулна” хэмээн МАК-ийнхан ярьж байв.
Сайд Д.Сумъяабазар “Устай холбоотой асуудлыг манайхан нэлээд хөндөж ярьдаг. Баяжуулах үйлдвэрүүд усны хэрэглээг зохистой хэмжээнд нь барьж ашиглан, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлож, улсад орох валютын урсгалыг бий болгохын зэрэгцээ орон нутагт орох орлого ч нэмэгдэх болно. Тиймээс нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг технологийн түвшинд нь зөв ойлгох хэрэгтэй” гэлээ. Мөн тэрбээр “Бид хөгжих хэрэгтэй. Гэхдээ байгаль орчны асуудлаа ч мөн орхигдуулж болохгүй. Тиймээс аль болон ус бага ашиглаж, байгаль орчинд хаягдалгүй, хор нөлөө багатай технологийг нэвтрүүлэх нь чухал. Бид өнөөдөр газар дээр нь ирж нөхцөл байдалтай нь танилцах үүднээс БОАЖ-ийн сайдтай, замын асуудлыг шийдвэрлэх үүднээс ЗТХ-ийн сайдтай ирлээ” хэмээсэн юм.

Төмөр зам баригдвал жилд 30 сая тонн нүүрс экспортлоно гэв


Гурван тэс сум нь нүүрсний ай сав газар болохын хувьд одоо ажиллаж байгаа зургаан уурхай жилдээ 30 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай аж. Гэвч Шивээ хүрэнгийн боомтоор нэвтрүүлэх автомашины хүчин чадал 10-12 сая тонн тул цаашид төмөр замын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг Гурван тэс суманд ирж ажилласан гурван сайдад компаниуд уламжилж байв. Хэрвээ төмөр зам баригдвал эхний ээлжинд жилд 18 сая тонн, цаашид автотээвэртэй төмөр зам хослон жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой гэв. Ингэснээр төсвийн орлого нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэлд бодитой нөлөө үзүүлэх юм.
Импортлогчдын зүгээс нүүрсний чанарт тавигдах шаардлага өндөр болсон бөгөөд төмөр замтай болвол хаягдал бохирдолгүй хэрэглэгчид нийлүүлэхийн зэрэгцээ байгаль орчин, хөдөлмөрийн айюулгүй байдалд эерэг нөлөө аж. МАК-ийн хувьд төмөр замын трассын дагуу топо зураглал, инженер- геологи, гидрогеологийн судалгаа хийгдсэн байгаа аж.

Хятадаас импортлосон эрчим хүчээрээ гурван сумыг хангаж байна


Монгол Улс, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чинхуа МАК Нарийн сухайт” компани 2005 онд Засгийн газартай “Тогтвортой байдлын гэрээ” байгуулсныхаа хүрээнд 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, под станцын хамт барьж ашиглалтад оруулжээ. Өдгөө БНХАУ-аас эрчим хүчээ импортлон, под станцаараа дамжуулж гурван сумын айл өрх, аж ахуйн нэгж болон уурхайнуудыг эрчим хүчээр хангаж байна. Ингэхдээ эрчим хүчээ урдаас 243.5 төгрөгөөр авч, үүнийгээ айл өрхөд 102 төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагуудад 156 төгрөгөөр, уул уурхайн компаниудад 208 төгрөгөөр өгч байгаа аж. Ингээд энэ дундаас жилдээ 700-800 сая төгрөгийн алдагдал хүлээдэг тухайгаа компанийн дэд захирал И.Наянтай ярьсан юм. Уг алдагдлыг нийгмийн хариуцлагын хүрээнд “Чинхуа МАК Нарийн сухайт” компани өөрөө зардалдаа шингээн явдаг байна. Мөн 55.5 км хатуу хучилттай замын засвар үйлчилгээний ажлыг “Тогтвортой байдлын гэрээ”-ний хүрээнд хийж байгаагаа дуулгасан юм.
Харин МАК компанийн хувьд мөн Нарийн сухайтын ордод цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор ТЭЗҮ боловсруулагдаж байгаа аж. Мөн МАК компани Овоотын 0166-р ангийн албан хаагчдад орон сууцны барилга, Гурван тэс сумын төвд “Хүүхэд, залуучуудын соёл, спортын төв”, 320 хүүхдийн хичээлийн байр, 120 хүүхдийн дотуур байр зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийжээ. Мөн шинэ төрсөн ботго бүрт мөнгө олгох “Ботгон бонус” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, 100 сая төгрөгийн сантай “МАК сан” байгуулжээ. Түүнчлэн нэг дор 500 ажилтан байрлуулах хүчин чадалтай ажилчдын байр, зочид буудал, спорт заал, орон нутгийн ажилчдын гэр бүлээрээ амьдрах байр, хүнсний болон нарийн ногооны хүлэмж, шувууны туслах аж ахуй зэрэг олон бүтээн байгуулалт хийж ажилчдын ажиллах орчинг бүрдүүлсэн байна
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Саус гоби сэндс” компани 2007 оноос хойш орон нутгийн хөгжилд зориулж найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш татвар төлбөр болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт улсын төсөв 240 тэрбум төгрөг оруулжээ. Түүнчлэн монголчуудыг сургаж мэргэшүүлэн ажиллуулдаг бөгөөд нийт ажилчдын 99 хувь нь Монгол Улсын иргэн байгаагаас 50 гаруй хувь нь орон нутгийн иргэд аж.
“Өсөх зоос” компанийн тухайд,нийгмийн хариуцлагын хүрээнд 800 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гурван тэс сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг барьж өгсөн бол, Тост тосон бумын нуруунд хоёр худаг ашиглалтад оруулж, бэлчээр ашиглалтыг сайжруулан малчдыг суурьшуулах боломж бүрдүүлжээ. Түүнчлэн уурхайн нөлөөллийн бүст амьдарч байсан иргэдийг нүүлгэн шилжүүлж, нөхөн олговор олгон, сумын амжилттай суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон зэрэг ажлууд хийсэн байна.
Нийт 350 хүн ажиллаж байгаагаас, компанийн үндсэн ажилтан нь 250 хүн ажиллуулж буй юм. Тус компани үндэсний туслан гүйцэтгэгчдээ дэмжиж ажилладаг бөгөөд одоогоор 14 компани өрөмдлөг тэсэлгээ, хөрс хуулалт зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.

А.Энхжаргал

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.