Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх аянд нэгдэнэ

2018-05-10 Мэдээ, мэдээлэл

НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар дамжуулан ӨЭМТ-ийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт явуулж, ажлын байрны дадлага сургалт хийх, “Амны хөндийн эрүүл мэнд” сургагч багш бэлтгэх, “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” болзолт уралдаан зарлах, “Цусны даралт ихсэлтийн эсрэг дэлхийн өдөр”-ийг тэмдэглэх, “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулах зэрэг олон талын мэдээллийг холбогдох хэлтсүүдийн зүгээс хүргэлээ.

Мөн агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийн ашиглалтын байдалд хяналт, шинжилгээ хийсэн тухай болон онлайн шуурхай хурал зохион байгуулах бэлтгэл ажил, төсвийн гүйцэтгэлийн мэдээ гаргах ажлуудын талаар эмнэлгийн дарга нарт танилцуулсан юм.

Хурлын төгсгөлд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар харьяа байгууллагын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар санал бодлоо солилцсон бөгөөд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хавдрын өдрийн хими эмчилгээ болон гэмтэл, мэс заслын тасгийн үйл ажиллагааны талаархи явцын мэдээллийг сонслоо.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/339 дүгээр захирамжийн дагуу сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрт илрүүлэг болон сүрьеэгийн хавьтал илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх зорилготой “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аянд идэвхтэй оролцохыг даалгасан юм. Тухайлбал, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЭХО, эмэгтэйчүүд зэрэг бусад төрлийн үзлэг, оношилгоог багц болгон олон нийтийг хамруулах, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж болон эрт илрүүлэгт хамрагдах нь ямар ач холбогдолтой болох зэрэг мэдээлэл сурталчилгааг иргэдэд тогтмол хүргэхийг санууллаа.

Мөн эрүүл мэндийн зарим байгууллагын ачааллыг бууруулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд ямар нэг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх тал дээр хэрхэн ажиллах тухай санал бодлоо солилцож, шаардлагатай асуудлын талаар холбогдох газарт нь уламжилж өгөхөөр болсон байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.