Үхэшгүй мөнхийн арал

2020-09-21 Амрах агшин

Хятадын цэцэрлэгийн урлаг

Эртний хятадын энэ домог нь тус улсын цэцэрлэгийн урлагт асар их хувь нэмэр оруулсан юм. Домогт өгүүлснээр Хятад солонгосын хилийн зааг дахь Похой тэнгисийн гурван арлын хамгийн өндөр цэгт үхэшгүй мөнх 8 хүн амьдарч байсан домог бий. Пенглай нэрт энэ арал дээр алт болон цагаан алт, үнэт чулуу модонд ургадаг. Өвчингүй, өвөлгүй, дарсны шил, цагаан будааны аяга цаг ямагт дүүрэн байсан гэдэг. МЭӨ 221 онд эзэн хаан Ying Zhen өрсөлдөгч нараа ялж, МЭӨ 210 он хүртэл Хятадыг захирч байв. Тэрбээр дээр өгүүлсэн домгийг сонсч, арлуудыг олох эрлийн экспидицийг удаа дараа явуулж, үхэшгүй амьдарлыг мөрөөдөн элч төлөөлөгч элгээсэн ч амжилт олсонгүй. Иймд өөрийн нийслэл Шианяанд ордныхоо ойролцоо Lanchi нэртэй нуур байгуулж, Пенглайн хуулбарыг бий болгожээ. Мөнхийн амьдарлыг хүссэн эзэн хаан нас барсны дараа түүний эзэнт гүрэн нурж, нийслэл хот болон зорьж, бий болгосон цэцэрлэг нь бүрэн устсан ч Хятадын цэцэрлэгийг хэв маягийн суурь үндэс болжээ.

Хан гүрний цэцэрлэг (МЭӨ206-220 он)

Хан улсын эзэн хаан By ботаникийн болон зоологийн цэцэрлэгийн шинжийг хослуулсан шинэ цэцэрлэг байгуулсан байна. Түүнчлэн уламжлалт ан агнуурын бүсийг бий болгосон аж. Мөн л гурван арал бүхий асар том хиймэл нуур байгуулжээ. Хан гүрний үеийн өөр нэг алдартай цэцэрлэг нь эзэн хаан Сунди (МЭ 125-144 он)-ийн зарилгаар баригдсан “Лиан Жи” цэцэрлэг байсан юм. Эзэн хаан ховор шувуу, тэжээвэр болон зэрлэг амьтад бүхий хиймэл уул, гуу жалга, ой бүхий асар том цэцэрлэг байгуулсан аж. Энэ нь байгалийг хуулбарлаж цэцэрлэг байгуулсан анхны тохиолдол юм.

Эрдэмтэд яруу найрагчдын цэцэрлэг (МЭ 221-618)

Хан гүрэн унсны дараа Хятадад буддизм хүчтэй дэлгэрсэн юм. Эзэн хаан Мин Ди (МЭ 57-75 он) буддын шашинг Хятадад нэвтрүүлсэн бөгөөд маш хурдан тархсан байна. Тухайн үед 1300 гаруй ариун сүм байсан бөгөөд эдгээр сүм тус бүр өөрийн жижиг цэцэрлэгтэй байжээ.

Язгууртнууд, сайд түшмэдүүд олон нийтээс зайдуу, гадна орчноос өөрсдийгөө тусгаарлаж цэцэрлэг барьж байв. Жингу гэх язгууртан албан тушаалаас буунгуут “Алтан хөндий” хэмээх цэцэрлэгийг МЭ 296 онд байгуулсан юм. Тэрхүү цэцэрлэгтэ алдартай яруу найрагчдыг урьдаг байсан тухай түүхийн сурвалжид тэмдэглэгджээ. Алтан хөндийд хятадын газар бүрээс авч ирсэн элдэв мод ургамал, жимсний мод тарьж, эмийн ургамал ургуулсан байжээ. Хоёр зуун хонь, тахиа, гахай, галуу, нугас байхаас гадна усны тээрэм, загас үржүүлэх цөөрөм байжээ. Яруу найрагч Ванг Ши Зи (307-365) Цэцгэн асарт цэцэрлэг ном бичив. Тэрээр өөрийн цэцэрлэгтээ алдарт яруу найрагчдыг ирүүлж, горхины дэргэд сууж усны урсгал дээр дастай аяга хөвүүлдэг байсан тухай бичжээ. Аягатай дарс нь аль нэг яруу найрагчийн хажууд очих бөгөөд тухайн найрагч дарсыг уугаад дараа нь шүлэг зохиож өгөх учиртай юм. Жижиг асар болон дарстай аяга хөвүүлэх хиймэл урсгал бүхий горхи нь энэ цагаас хойш хятадын цэцэрлэгт маш түгээмэл болсон байна.

Сүн улсын үеийн цэцэрлэг

Сүн улсын эзэн хаан Хүй Зонг нь авьяаслаг зураач, яруу найрагч байснаас гадна урлагт ээлтэй хүн байжээ. Тэрхүү хаан өөрийн цэцэрлэгийг олон нийтэд нээж, усан завины уралдаан зохион байгуулсан тухай мэдээлэл бий. 1117 онд тэрээр өөрийн биеээр удирдаж шинэ цэцэрлэг бариулав. Тэрээр өвөрмөц хэлбэр бүхий үзэмжтэй чулууг цэцэрлэгт ихээр ашиглаж байв. Эзэнт гүрний өнцөг булан бүрээс авч ирсэн ургамал, чулуу нь цэцэрлэгийг чимэглэх ёстой байлаа. Чулууг усаар зөөж байсан бөгөөд Ханжоу, Бээжин хоёрын хооронд байсан бүх гүүрийг чулуу зөөвөрлөхөд тээг болж байсан учир нурааж байсан аж. Цэцэрлэгийн дунд агуй, гуу жалга бүхий зуун метр өндөр хиймэл уул барив. Цэцэрлэг 1122 онд дуусхад уг цэцэрлэгт хэт их хөрөнгө гаргаснаас үүдэн эзэн хааны сан хоосорсон гэдэг. 1127 онд хөрш улсын их цэрэг түүн рүү довтолход Хуй Зонг хаан, зугтахаас аргагүй болж ордноо орхижээ. Тулаан дууссаны дараа түүнийг эргэн ирэхэд цэцэрлэг бүрэн устаж үгүй болсон бөгөөд бүх танхим шатаж, урлагийн бүтээлүүд тоногдож гагцхүү хиймэл уулыг л хэвээр үлдээсэн байжээ.

Юань гүрний цэцэрлэг

1271 Монгол хаан Хубилай  хаан Юань улсыг байгуулсан бөгөөд 8 жилийн дараа тэр Сүн гүрнийг устгаж, сүүлийн эсэргүүцлийг дарав. Тэр өнөөгийн Бээжин хотод “Дайду” нэртэй шинэ нийслэлийг байгуулсан юм. Юань улсын хамгийн алдартай цэцэрлэг Ханаду нь Хубилай хааны зуны ордон болон цэцэрлэг байлаа. Венецийн жуулчин Марко Поло Ханадуд очсон тухайгаа тэмдэглэн үлдээжээ. 27 км радиустай асар том Ханаду цэцэрлэгт усан оргилуур, гол горхи, байх ба Эзэн хаан тэнд тэжээж буй асар олон харцага, шонхор шувуудыг эргэхээр долоо хоногт нэг удаа ирдэг байсан гэнэ. Мөн ийнхүү ирэхдээ өөрийн тэжээвэр ирвэсээ дагуулан ирж цэцэрлэгт ан хийдэг байсан тухай дурсчээ. Харамсалтай нь 1368 онд Мин улсын анхны эзэн хаан Дайду хотыг шатааж, эзэн хааны цэцэрлэгийг эвдлэн сүйтгэжээ. Манжийн хаадын сууж байсан өдгөө ч байх Хориотой хот нь Юань гүрний хааны цэцэрлэгийн суурь дээр боссон юм.

Мин улсын цэцэрлэг

Мин улсын хамгийн алдартай цэцэрлэг Сүжоу дахь цэцэрлэг юм. Тухайн үед эзэн хааны цэцэрлэгээс гадна олон үзэсгэлэнт цэцэрлэг Хятадын хотуудад байгуулж байв. Лүоян хотын хамгийн алдартай яруу найрагч, түүхч Сима Гүанг (1021-1086)-ийн барьсан цэцэрлэг өдгөө ч байдаг. Түүний цэцэрлэг 1,5 га газрыг эзэлдэг байжээ. Таван маяган боть бүхий номын сантай, хойд хэсэгт хиймэл нуур, нуурын голд загасчны асар бүхий жижигхэн асар байсан аж. Цэцэрлэгийн зүүн талд эмийн ургамал бүхий цэцэрлэг байдаг бол баруун талд нь хиймэл уул бий. Өнөө хүртэл уг цэцэрлэгийн үндсэн хэлбэр хадгалагдаж ирсэн бөгөөд тодорхой хураамж төлсний дараа уг цэцэрлэгт зочилох боломжтой.

Эзэн хаан Хүй Зонг их тулааны ялагдлын дараа Сүн гүрний нийслэл Жианань муж руу нүүсэн байна. Мөн Лин Ань хотын баруун нуурын эрэг дээр гайхамшигт цэцэрлэг барьсан юм. Тухайн үед хаад язгууртнаас гадна эрдэмтэд, төрийн албан тушаалтнууд, худалдаачид хүртэл өөрсдийн орон сууцны дэргэд цэцэрлэг барих болжээ.

Чин гүрний үеийн цэцэрлэг

Чин гүрэн нь Хятадын хамгийн сүүлийн хаант улс байсан юм. Чин гүрний үед баригдсан хамгийн алдартай цэцэрлэг зуны ордон, хуучин зуны ордны цэцэрлэг юм. Аль аль нь тансаг цэцэрлэг, боловсронгуй байдлын бэлэг тэмдэг нь болдог. 1738-1768 онд эзэн хааны зураач байсан Францын Аттирэт гэгч нь “Энэхүү цэцэрлэгийн хад, чулуу нь жинхэнэ үнэт чулуу байх ба арал дээр байх 100 өрөөтэй ордны гоо үзэсгэлэнг үгээр илэрхийлхийн аргагүй” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Боксеруудын бослогын үеэр уг цэцэрлэг сүйдсэн ба өдгөө сэргээж байгаа юм. Хориотой хот гэгдэх эзэн хааны ордон цэцэрлэгийг Юань гүрний Дайду хотын туурь, зарим нөөц дээр тулгуурлан барьсан билээ. 1703-1792 хооронд эзэн хаан Бээжингээс 200км зайтай, зүүн хойд зүгт уулархаг нутагт 560 га газрыг эзэлсэн цэцэрлэг орд, харш, шинэ цогцолбор барьжээ. Энд Хятадын муж бүрийг дуурайж хийсэн ландшафтын загваруудыг бий болгосон юм. Энэхүү асар том хэмжээтэй цэцэрлэг харьцангуй хөндөгдөөгүй хэвээр бидний үед үлдсэн байна.

Хятад цэцэрлэгийн онцлог

Хятадын цэцэрлэгүүдийг нэг цэгээс харж болдоггүй, заавал дотуур нь аялж байж бүгдийг нь үздэг онцлогтой. Барууны зарим жуулчид хэт замбараагүй, шавааралдсан, өөр өөр хэв загвартай барилгуудтай хэмээн шүүмжлэх нь бий. Хятадын сонгодог цэцэрлэгийн хэмжээ нь өөр хоорондоо адилгүй байдаг. Suzhou дахь түшмэдүүдийн цэцэрлэг хамгийн том бөгөөд 10га. Цэцэрлэгийн тавны нэгийг нуур эзэлдэг аж. Сонгодог цэцэрлэг нь ханаар хүрээлэгдсэн. Нуур, цөөрөм нь ихэвчлэн төвдөө байралдаг. Олон төрлийн барилга асартай. Асар олон баганат танхим, ариун сүм, галерей, гүүр, ус түгээх цэг болон цамхагууд байна. Түшмэдүүдийн цэцэрлэгт 48 барилга байх ба олон төрлийн байр, гэр бүлээрээ цуглах танхим, үзвэрийн газартай байдаг.

Бэлтгэсэн Р.Гэрэлчимэг

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.