“ЭРҮҮЛ МАЛ–ЭРСДЭЛГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН” сэдэвт сарын аяныг эхлүүлээ

2018-05-2 Мэдээ, мэдээлэл

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эрүүл мал–Эрсдэлгүй бүтээгдэхүүн” сэдэвт сарын аяныг энэ сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү сарын аяныг малын гоц халдварт, халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр малчид, мал бүхий иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сарын аяны хүрээнд малчид, мал бүхий иргэдэд малын эмийг зөв зохистой хэрэглэх, зүй бусаар үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг устгах, булшлах, халдваргүйжүүлэх арга хэмжээний ач холбогдол, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчин гарсан үед малчин хүний хүлээх үүрэг, тэдний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, сурталчлах, сэрэмжлүүлэх, Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах зэрэг асуудлуудад анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана.

Сүүлийн жилүүдэд малын гоц халдварт шүлхий, мялзан, цэцэг, халдварт боом, галзуу зэрэг малаас хүнд халддаг зооноз өвчний гаралт буурахгүй байна. 2018 он гарсаар 13 аймгийн 43 суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч 614 өрхийн 7653 толгой мал өвчилж, үүнээс 5817 толгой малыг устгасан байна гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.