Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилчид цалингаасаа сар бүр 30-50 мянган төгрөг хураалгадаг аж. Энэ нь тэдний хувцасны мөнгө гэнэ. Сар бүр цалингаасаа суутгал хийлгүүлсээр нэг албан хаагч 1.5 сая төгрөгийг хураалгах юм байх. Энэ мөнгө захирагчийн халаасанд хадгалагдаж байх учиртай бөгөөд ажлаасаа гарвал буцааж өгнө гэх тайлбартай. Уг нь хууль, шүүхийн байгууллагын албан хаагчдын дүрэмт хувцсыг төрөөс үнэгүйгээр ханган нийлүүлэх хуулийн зохицуулалттай. Тиймдээ ч иймэрхүү байдлаар мөнгө хурааж байгаад албан хаагчид дургүй байгаагаа илэрхийлж байна. Гэхдээ энэ тухайгаа газрын дарга болон удирдлагууддаа ил хэлж чаддаггүй аж. Яаж ч чадах билээ, наашаа харж инээн, цаашаа харан уйлсаар өгч л байхаас. Учир нь тушаал зөрчвөл өнөөдрийн нөхцөлд олгойгүй болохгүй ч хоолгүй болох магадлал өндөр. Тиймээс даргын тушаалыг дагахаас өөр аргагүй.
Уг нь хувцасны мөнгө хураадаг энэ гажуудлыг Б.Билэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилогдож ирснийхээ дараахан цуцалжээ. Ингэснээр албан хаагчид цалингийн суутгалаас хэсэгтээ ангижирсан байна. Гэтэл өнөөгийн дарга Ц.Амгаланбаяр томилогдож ирээд удалгүй хувцасны мөнгө хураадаг захирамжийг сэргээж, дахин хурааж эхэлсэн нь энэ гэнэ.