ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛД ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧЛИЙГ 89 ХУВЬТАЙ ЗАЛРУУЛЖЭЭ

2018-04-25 Мэдээ, мэдээлэл

Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд Хөшигийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудалд ажиллаж Улсын комиссоос барилгын ажлын гүйцэтгэлд илрүүлсэн зарим зөрчил, дутагдлыг арилгах ажлын явцтай танилцлаа.
Улсын комисс 1278 зөрчил, дутагдал илрүүлснийг залруулах ажлын гүйцэтгэл энэ сарын 24-ний өдрийн байдлаар 89 хувьтай явагдаж байна. Тодруулбал, 1139 ажил засварлагдаж хаагдсан, 139 ажил гүйцэтгэлийн шатандаа явж байв. Мөн Техникийн комиссоос нэмэлт зээлийн хүрээнд баригдсан барилга байгууламжид хийсэн үзлэг, шалгалтаар 707 зөрчил, дутагдал илрүүлээд байсан. Үүнээс өнөөгийн байдлаар 201 ажлыг сайжруулж хаасан байна.
Шинэ нисэх буудлын Шатахуун хангамжийн байгууламжийн зам огцом эргэлттэй байсныг зайлшгүй засч, аюулгүй байдлыг хангах ёстой гэдэг шаардлагыг ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд тавьж байгаа. Эл зөрчлийг арилгаж замыг өргөсгөсөн гэсэн тайлбарыг Зөвлөх компанийн төлөөлөл мэдэгдсэн ч Дэд сайд Б.Цогтгэрэл “Олон улсын стандартад нийцүүлсэн, аюулгүй байдлыг хангасан, Д.Доржханд даргын тавьж буй шаардлага хангагдсан гэж үзсэн тохиолдолд зөрчил арилсанд тооцно” гэдгээ мэдэгдлээ. Мөн ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Улсын комисс ажилласнаас хойш зөрчил дутагдлыг арилгуулахад гаргаж байгаа зардлыг гүйцэтгэгч компаниас нэхэмжилж авна” гэдгээ мөн мэдэгдсэн.
Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр Япон Улсын “Мицүбиши-Чиёода” түншлэл, Ерөнхий туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани ажиллаж байгаа юм.

ШАЛГАН БАТАТГАХ НИСЛЭГ ҮЙЛДЛЭЭ

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудалд нислэгийн журмуудыг шалган бататгах нислэгийг өнөөдрөөс гүйцэтгэж эхэллээ. Уг нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ийн “Боинг-737” агаарын хөлгөөр, Ерөнхий нисгэгч Ч.Нямсайханаар ахлуулсан нисгэх баг үйлдэж байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард тус нисэх буудалд суурилуулсан агаарын навигацийн тоног төхөөрөмжүүдийг шалгах нислэг амжилттай үйлдэгдсэн юм. Энэ удаад нисэх буудалд нисэн ирэх, нисэн гарах стандарт маршрутуудыг нисэн шалгаж байна.

Нислэгийн журмуудыг ИНЕГ-ын журам зохиогч нар боловсруулсан бөгөөд бататгах нислэгийн энэхүү ажилд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, нисэх буудал, нислэгийн хөдөлгөөний удирдлага, агаарын навигацийн техникийн үйлчилгээ, цаг уурын мэдээ, харуул хамгаалалт зэрэг иргэний нисэхийн бүхий л салбарын мэргэжилтнүүд бэлтгэл ажлыг базаан аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байгаа юм.
Шалгалтын нислэг энэ сарын 29-нд шөнийн нислэгийн шалгалтаар үргэлжилнэ.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ КОМПАНИТАЙ НЭМЭЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Шинэ нисэх буудлын барилгын ажлын гүйцэтгэлд зөвлөхөөр ажилласан “Японы Азуса Сэккэй” / Ориентал Консалтантс Глобал/ түншлэл компанитай “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулан гарын үсэг зурах ёслол өнөөдөр мөн шинэ нисэх буудалд боллоо. Тус компани Монголын талаас барьж буй Захиргааны барилга, агаарын хөлөгийн ангарын барилгын ажил зэрэгт зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллах юм.

Гэрээнд Зөвлөх компанийг төлөөлж төслийн менежер ноён Кимихиро Маэта, Монголын талаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гарын үсэг зурав. Гэрчээр ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ оролцсон.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.