Амьжиргааны түвшин доогуур иргэдэд карт үнэгүй тараана

2017-03-28 Мэдээ, мэдээлэл

Өнгөрөгч долоо хоногт Нийтийн тээврийн газар болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зүгээс нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн цахимжихаар болсныг албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 1-н буюу ирэх бямба гаригаас эхлэн нийтийн тээврийн том оврын автобус, троллейбус бэлэн мөнгө хийх хайрцаггүй болох юм. Зөвхөн картаар үйлчлүүлэх ёстой болж байна.Хэрвээ төлбөр төлөөгүй зорчигч илэрвэл Автотээврийн тухай хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх арга хэмжээг авах юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 449 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

Хэн үнэгүй карт эзэмших эрхтэй вэ

Том оврын автобусанд үнэгүй зорчих картыг зөвхөн зорилтот бүлгийнхэнд тараах юм байна. Ингэхдээ 20 мянган ширхэг картыг зөвхөн амьжиргааны түвшин доогуур өрхийн иргэдэд өгөх аж. Картыг тараахдаа тухайн дүүргийн хорооны ажилтан бүртгэлтэй байгаа өрхийн иргэдтэй холбогдож өгөх юм байна. Тэгэхээр үнэгүй карт зөвхөн амьжиргааны түвшин доогуур өрх буюу зорилтод бүлгийн иргэдэд хүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэн бүхэнд үнэгүй карт өгөхгүй.

Түүнчлэн хороо бүр дээр иргэдийн өрхийн бүртгэл байдаг. Энэхүү бүртгэлд үндэслэн Нийслэлийн тээврийн газраас 100 хувийн хяналт тавьж, зорилтод бүлэгт картыг тарааж эхлэх аж.

Картыг хямдруулан зарж эхэллээ

Одоогийн байдлаар холбогдох газраас шинэ систем нэвтрүүлж буйтай холбогдуулан 3600 төгрөгийн картыг 2000 төгрөг болгон хямдруулан зарж байгаа гэнэ. Тиймээс иргэдийг ирэх бямба гаригаас өмнө картаа хямдарсан үнээр худалдаж авахыг сануулж байна. Түүнчлэн картуудад олон боломжууд бий. Тухайлбал, сарын хязгааргүй зорчих 25.000 төгрөгийн карт болон орон нутгаас ирэх иргэдэд түр зорчих карт олгох аж. Тиймээс орон нутгийн терминал дээр тусгай гэрээт цэгийг ажиллуулж эхэлжээ. Эндээс иргэд түр картаа 3600 төгрөгөөр авах боломжтой юм байна. Харин буцаж хотоос явахдаа картаа өгөөд 3600 төгрөгөө авах боломжтой гэнэ.

Иргэдэд гар утаснаасаа төлбөр хийх боломжтой
Зорчигч заваал “U-money” карт ашиглахгүйгээр Юнител үүрэн телефоны хэрэглэгч бол үйлчилгээний төвдөө хандаж, сим картаа NFC картаар солиулснаар гар утсаа уншуулж автобусанд зорчих боломжтой. Харин нийслэлд түр ирж байгаа орон нутгийн иргэд тухайн орон нутгийн чиглэлд явдаг авто вокзалуудад байрлах “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйлчилгээний цэгээс түр картыг 3600 төгрөгөөр худалдаж авч, өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглэж, нийтийн тээврээр үйлчлүүлээд карт худалдан авсан цэгтээ буцаан өгч, 3600 төгрөгөө авах юм байна. Тиймээс иргэд өөрт хамгийн ойрхон автобусны буудлын “U money” карт борлуулах цэгээс картаа худалдан авч цэнэглүүлэн хэрэглэнэ.

Жич: шинэ системтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг 7015-1289 дугаарын утсан дээр хүлээж авч байгаа юм байна.

О.Соёмбо

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.