Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, “МАК” ХХК-ийн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах Хөх цавын цементний үйлдвэртэй танилцаж, тус компаний удирдлагууд, ажилтнуудтай уулзлаа. МАК евро цемент үйлдвэр нь Данийн вант улсын 130 жилийн түүхтэй “FLSmidth” компанийн техник, технологиор иж бүрэн тоноглогджээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад Хятадын “Heng Yuan” компаниас гадна Монголын 71 аж ахуйн нэгжийн 340 гаруй мэргэжилтэн гар бие оролцсон байна. Үйлдвэр байгуулах энэхүү нүсэр төслийг хэрэгжүүлэхэд МАК, Данийн Вант улсын BHF банк болоод “Чингис” бондын санхүүжилтээр нийт 330 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулжээ. Төслийн хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км зам, Говьсүмбэр аймгийн төвөөс 65 км зайнд 110 кВт хүчин чадалтай агаарын шугам татаж, 110/35-ын дэд станц барьж байгуулсан байна. “МАК евро цемент” үйлдвэр нь жилд 1 сая тонн цемент болон 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай. Уг үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улсын төсөвт жилд 32.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 70-75 орчим сая ам.долларын импортыг орлон валютын гадагш чиглэсэн урсгалыг хаана гэж “Монголын Алт” компанийн удирдлагууд үзэж байгаа аж.
“МАК евро цемент” үйлдвэр 700 орчим ажлын байр шинээр бий болгоод байгаа төдийгүй 400 залуучуудыг орон нутгаас авч ажлын байраар хангаж байгаа нь бүс нутгийн эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөллийг бий болгосон юм. Түүнчлэн “Монголын Алт” компани нь цаашид 130 мянган тоннын хүчин чадалтай барилгын болон металургийн Итали технологи бүхий шохойн үйлдвэр, төмөр бетоны Японы тэргүүлэгч технологийн үйлдвэрүүдийг барихаар төлөвлөж буйгаа дурдлаа. Сайд Х.Баделхан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, улмаар “МАК” ХХК-ийн удирдлагуудад хандан; “Архитектор, инженерүүдийн тооцож , зурж бүтээсэн төслийг бодит барилга, байгууламж болгож, улмаар ашиглалтын хугацаанд тохиолдож болзошгүй байгаль, цаг уурын нөлөөлөл, онц ноцтой хүчин зүйлийг тэсвэрлэж өнгөрүүлэх боломжийг нь тухайн барилга байгууламжид хэрэглэсэн материал бүрийн чанарын үзүүлэлт хангаж өгдөг. Иймд барилга барих үйлдвэрлэлийн ажлаас түүнд хэрэглэх материалын үйлдвэрлэл нэг алхам түрүүлж хөгжих зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас төр засгаас барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр хүртэл батлан хэрэгжүүлсэн. Манай улсад өнөөдрийн байдлаар барилгын материалын 800 гаруй жижиг дунд үйлдвэрүүд ажиллаж байна.
Бүтцээр нь ангилан үзвэл: Цонх хаалганы үйлдвэр 300 гаруй, Керамик эдэлхүүний үйлдвэр, 80, Элс хайрганы үйлдвэр 100, Бетон эдлэл, төмөрбетон хийцийн үйлдвэр 28, Бетон зуурмагийн үйлдвэр 144, Хөнгөн бетоны үйлдвэр 30, Хөнгөн дүүргэгчтэй бетон гулдмайн үйлдвэр -14, дулаан тусгаарлах материалын үйлдвэр -16, полистрол сендвич хавтангийн үйлдвэр -48, шохойн үйлдвэр 23, ган туйвангийн үйлдвэр 12, хуванцар хоолойн үйлдвэр -8, цементийн үйлдвэр -5 байна. Эндээс харахад цонх, хаалга, бетон зуурмаг, тоосго, зарим төрлийн блок, ханын дүүргэгч материал дотоодын өнөөгийн хэрэгцээг хангах боломжтой болсон байна. Гэхдээ тооноос чанар чухал учраас тухайн үйлдвэрлэлийн технологийн дэвшил, бүтээгдэхүүний чанар, байгаль орчинд ээлтэй байх шаардлагыг хэрхэн хангаж байгаагаар нь үнэлж тэр хэмжээгээр нь төрөөс бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага гарч байна. Дээр дурьдагдсан үйлдвэрүүдийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод төвлөрч, 10 гаруй хувь нь Дархан, Эрдэнэт хотуудад төвлөрөөд байгаас үзэхэд орон нутагт барилгын материалын үйлдвэр хөгжөөгүйтэй адил байна.
Бид бусдад хоцрогдож, орхигдсон тенхологийг шилжүүлэн авчирахыг биш үр ашигтай, эдийн засгийн ашиг өгөөжтэй манай орны эрс тэс уур амьсгалд зохицсон хамгийн сүүлийн үеийн шинэ техник тенхологтой үйлдвэрүүдийг барьж байгуулах өргөжүүлэхийг дэмжиж ажиллана. Дотоодын цементийн үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжиж ажиллсаны үр дүндийн нэг жишээ МАК-ийн цементийн хуурай технологийн үйлдвэр юм. Бид цементийн үйлвэрүүдийг дэмжснээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж улмаар экспортлох зорилт тавин ажиллаж байна” гэжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30454
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.