“Эрдэнэт” үйлдвэрийн талаарх маргааныг Ч.Мөнхжаргалын өмгөөлөгчид үгүйсгэлээ

2018-04-23 Мэдээ, мэдээлэл

Стандарт банк болон Жаст компанийн хооронд үүссэн зээлийн маргааны хүрээнд Английн Арбитрын шүүхээс 2016 оны 9 дүгээр сард гаргасан шийдвэртэй холбогдуулан өр, төлбөрийн хүрээнд АТГ-аас хавтаст хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Жаст компанийн зүгээс гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж зээл авсан гэж мэдүүлж байгаа бөгөөд энэ асуудлын хүрээнд шалгагдаж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалын өмгөөлөгчид болох Б.Мэргэн, Дагиймаа нарын зүгээс өнөөдөр хэвлэлийн бага хурлыг хийж, өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр гарсан мэдээлэлд няцаалт хийлээ.
Өмгөөлөгчдийн зүгээс илэрхийлсэн байр суурийг онцолбол:

1. Өнгөрсөн долоо хоногт өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ч.Мөнхжаргалын гэрээс Эрдэнэт үйлдвэрийн арбиртын маргаантай холбоотой нууц гэрээнүүд олдсон” гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаа нь үндэслэлгүйг өмгөөлөгчийн хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тийм зүйл огт болоогүй бөгөөд АТГ-аас ийм арга хэмжээг аваагүй гэж мэдэгдсэн.

2. Харин Ч.Мөнхжаргал болон өмгөөлөгчдийн зүгээс энэ хэргийн үнэн мөнийг нь олохын төлөө хууль хяналтын байгууллагатай бүхий байдлаар хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор тогтооход ач холбогдолтой эдгээр гадны шүүхийн шийдвэр, нотлох баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар оруулахаар АТГ-т өнгөрсөн 7 хоногт өгсөн байдаг. Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг цаашид тусгаарлан саатуулах шаардлагагүй гэж үзэж байна.

3. Харин энэ хэрэгтэй холбогдуулан зарим зүйлийг хууль хяналтын байгууллагаас нягтлан үзэх шаардлагатай байна гэж үзсэн байна. Тухайлбал, Английн Хатан хааны Дээд шүүхийн 2017 оны 11 сарын 17-ны өдөр хуралдаан болж Эрдэнэтийн асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ шүүх хуралдааны шийдвэр олон нийтэд цахим байдлаар ил тод байдаг бөгөөд шийдвэрт бичсэнээр “өөрийн эрх ашгаа хамгаалан оролцох ёстой Эрдэнэт үйлдвэрийн зүгээс шүүх хуралд огт оролцоогүй, төлөөллөө ч явуулж байр сууриа илэрхийлээгүй” гэжээ. Мөн Эрдэнэт үйлдвэр нотлох баримтуудаа яагаад гаргаж ирүүлэхгүй, хуралд оролцохгүй шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэлдээ уучлал гуйх ёстой гэжээ.

Өмгөөлөгчдийн зүгээс эдгээр байр суурийг илэрхийлээд энэ хэргийн үнэн мөн нь удахгүй тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.