Хүүд минь тусалсан хамт олондоо баярлалаа

2018-04-13 Нийгэм

  “Олны хүч оломгүй далай гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүд минь туслан хоёр хөл дээрээ явахад нь туслаач” хэмээн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 1 дүгээр баазад 11 жил шалгагчаар ажиллаж байгаа Н.Эрдэнэтуяа 2 сарын өмнө хамт олондоо хандаж байсан. Хамт олон нь ч хүүд нь тусалжээ. Тэрбээр хамт олон, сайхан сэтгэлт иргэдийн тусламжтайгаар удахгүй хүүгээ  Солонгос улсад эмчлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ярьж байна.

-Нийтийн тээврийн салбарт ажиллаж буй бүсгүйчүүдийн төлөөлөл болсон таныг зорьж ирлээ. Хүүгээ эмчлүүлэхээр зорьж байгаа гэж сонслоо?

-Намайг Н.Эрдэнэтуяа гэдэг. “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 1 дүгээр баазад шалгагчаар ажилладаг. Миний хүү Тэмүүжин одоо 7 настай, эхээс 1 кг дутуу төрөн, 2 хөлний шөрмөс, түнхний гэмтэлтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй болж, 7 жил эмчилгээ, сувилгаа хийлгэсэн ч эдгээгүй.. Тиймээс хүүгээ БНСУ-д 30 сая төгрөгийн төлбөртэй мэс засал хийлгэж хөлд оруулахаас өөр аргагүй болсон. Хань маань бие муутай  группт байдаг. Хүүгээ өргөж зөөн эмчлүүлээд ажлаа хийгээд явж байна.  Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хамт олон хүүд минь тусалсан. Одоо сайхан сэтгэлт хүмүүс тусалж байгаа. Удахгүй Солонгост хүүгээ эмчлүүлээд эдгээгээд ирнэ гэсэн итгэлтэй байгаа.

-Эхлээд хамт олноосоо дэмжлэг хүссэн юм уу?  

-Тийм ээ. Эхлээд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлага, захиргаа, “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороонд хүсэлт гаргасан. Хүсэлтийг минь нааштай хүлээн авч удирдлагууд уулзан бүх талаар туслах хэрэгтэй гэсэн үүрэг чиглэл өгсөн. Баазуудын холбогдох ажилтнууд  хэсэг тус бүрийн  хурлаа хийж ажилчиддаа мэдээлэл өгсөн. Хамт олон минь утсаар ярьж “Туслана” гэж хэлэхэд үнэхээр сайхан санагдсан. Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдлага, хамт олондоо баярлалаа гэдгээ энэ боломжийг ашиглан хэлье. Ганц надад ч биш өөр олон ажилтанд Үйлдвэрчний эвлэлээс түлээ нүүрс, гэр олгосон. Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар гурван бүсгүйд гэр олгосон байна лээ. Амьдрах гэрийг олгож, ажилчиддаа тусламж шаардлагатай үед гар сунган,  сэтгэл гаргасан бүх хүнд баярлалаа. Бүр “Чин сэтгэлийн аян” өрнүүлсэн. Бусдад туслахаас илүү буян гэж үгүй гэсэн сэтгэлээр хандсан хамт олондоо дахин дахин баярлалаа гэж хэлье.. Аян өрнүүлэх хурлын үеэр удирдлагууд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 1500 ажилтан ажиллагсад хамт ажиллаж байгаа нэгэндээ зовсон цагт нь ямагт тусалсаар ирсэн. Өвчин хэлж ирдэггүй болохоор хүүгийн эрүүл мэнд, ирээдүйн сайн сайхны төлөө нийт ажилтан ажиллагсад хандивын аянд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
“Намайг өвдсөн үед ээжийн минь хамт олон надад тусалж хөл дээр нь босгосон юм шүү” гэж баярлатал сэтгэл зүрхээ гарган хандивын аянд нэгдэж хүүг хөл дээр нь босгоцгооё” гэж хэлсэн. Үндэс суурийг нь зөв тавьж сайхан сэтгэлээр эхэлсэн бүхэн цаашаа өргөжин тэлж олон хүн тусалдаг юм байна.

-Одоо эмчилгээний зардал нь дөхөж байна уу. Хүүгээ эмчлүүлнэ ажлаа амжуулна гээд ядарч байна уу?

Нийтийн тээврийн салбар чинь их онцлогтой. Өглөөний таван цагаас үдшийн бүрий хүртэл нийслэлийн иргэддээ үйлчилж  зорьсон газар нь хүргэдэг сайхан ажил.Хамт олондоо дассан,  ажилдаа дуртай, хүүгээ эмчлүүлэх итгэл өгсөн болохоор сэтгэл тайван ажиллаж байна. Хамт олон минь хэрэгтэй үед  тусалсаар ирсэн. Удирдлагууд сайн ажиллаж, хамт олон минь ч эв нэгдэлтэй нийслэлийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байна. Хүн гэдэг сэтгэлээр л амьдардаг юм байна. Хамт олон дэмжиж байгаа болохоор одоо санаа зовохгүй,  хүүгээ эдгэнэ гэдэгт итгэлтэй болсон шүү.

Танд баярлалаа. О.Долгион

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.