ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

2017-03-27 Засгийн газар

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ц.Жамбалдорж тус улсын Ерөнхийлөгч Мари–Луиз Колейро Прека Танаа 3 дугаар сарын 23-нд Итгэмжлэх Жуух Бичгээ барив. Итгэмжлэх Жуух Бичиг барих ёслолын дараа Ерөнхийлөгч Мари–Луиз Колейро Прека Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар найрсаг ярилцав. Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Бүгд Найрамдах Мальта Улсын Ерөнхийлөгчид уламжлав.
Итгэмжлэх Жуух Бичгээ барьсантай нь холбогдуулж Бүгд Найрамдах Мальта Улсын Парламентын дарга Анжело Фарружиа, Гадаад хэргийн сайд Жорж Велла, Гадаад хэргийн яамны Байнгын нарийн бичгийн дарга Фиона Формоса нар Элчин сайд Ц.Жамбалдоржийг тус тус хүлээн авч уулзан, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.
Элчин сайд Ц.Жамбалдорж уулзалтуудын үеэр Монгол, Мальтын хоорондын харилцаанд 2016 он нь нэлээд онцлог жил байсан, Мальта Улсын Ерөнхий сайд Гадаад хэргийн сайдынхаа хамт Монголд айлчлан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, “Агаарын харилцааны тухай” болон “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визээс харилцан чөлөөлөх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсаныг дурдаад хоёр улсын хооронд бодит хамтын ажиллагаа эхлүүлэх боломж буйг онцлон тэмдэглэв.
Монгол, Мальтын харилцааг боловсрол, соёл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхийн төлөө бодит боломжийг эрэлхийлж ажиллах талаар харилцан санал солилцов.

Newsmedia.mn

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.