Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн Лондон хотноо зохион байгуулагдаж буй “Их Британийн Финтек долоо хоног-2018” арга хэмжээнд оролцож байна. Долоо хоногийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа олон улсын арга хэмжээнүүдэд Европ, Азийн санхүүгийн технологи хөгжүүлэгч нар, бодлого боловсруулагч, зохицуулагч байгууллагын төлөөллүүд оролцож, финтекийн хөгжлийн өнөөгийн байдал болон хэтийн чиг хандлагын талаар ярилцаж буй юм.
Их Британи болон Европын улс төр, эдийн засгийн нөлөө бүхий хүмүүс, Евразийн хөрөнгө, санхүүгийн томоохон байгууллагууд нэг дор цуглан олон талт болон хоёр талын уулзалт, бүсчилсэн хурал, зөвлөгөөнүүдийн хийж буйн дотор “Евразийн Финтек форум” энэ лхагва гаригт боллоо. Санхүүгийн үйлчилгээний мэргэжлийн өрсөлдөх чадварыг хангах, эдийн засгийн тогтворжилтод чиглэсэн бодлогын үйл ажиллагаа явуулдаг Их Британийн TheCityUK байгууллага Лондонгийн Хөрөнгийн Биржтэй хамтран зохион байгуулж тус форумд Хорооны дарга С.Даваасүрэн оролцож, Монгол Улсын санхүүгийн зах зээлд нэвтэрч, хөгжүүлж буй дэвшилтэт технологиуд, финтекийн хууль эрх зүй, зохицуулалтын орчин, өнөөгийн байдал, чиг хандлагын талаар танилцууллаа.
Тэрбээр форумын үеэр Евразийн улсуудын санхүүгийн зохицуулах байгууллагууд, төв банкууд, судалгааны институциудын удирдах хүмүүстэй уулзаж, финтекийн орчин дахь санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, түүний зохицуулалтын талаар санал солилцов. Мөн форумд оролцсон финтект хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч олон улсын компаниудыг Монгол Улсын зах зээлд хамтран ажиллахыг уриаллаа.
Форумд Төв Азийн улсуудыг төлөөлж Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Казакстаны Их Британид суугаа Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчид, Гүрж, Киргиз, мөн Их Британи дахь Худалдааны консулаараа ахлуулсан Турк Улсын бүрэлдэхүүн оролцсон юм. Түүнчлэн ОХУ-ын Санхүүгийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцож, Евразийн бүс нутаг дахь финтекийн хөгжил, үзүүлэх нөлөө, хэтийн чиг хандлага болон хяналт, зохицуулалтын талаар хэлэлцэв гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.