Энэ улсад төр засаг гэж байна уу. Баячуудын цэнгэлд дахиад л гурван хүүхэд хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдэн, есөн хүүхэд мориноосоо унаж гэмтсэн талаар цагдаагийн байгууллагаас тодруулж байна. Нар, ногоо тэгширсэн талбиун цагт наадаж наргиж бололгүй л яах вэ. Хахир цагт хүний бяцхан үрийн амиар дэнчин тавьж, кайф авдаг хогийн үйлдлээ зогсоо, уяачид аа…
Өчигдөр “Дүнжингарав-2018” төвийн бүсийн уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд боллоо. Уяачид эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон насны ангилалд уралдуулж, шандасыг нь сорьсон. Гэвч эрлийз, монгол адуу холилдон уралдаж харанхуй болж байхад соёолон насанд уралдах хүлгүүд гарааны зурхай руу хөдөлсөнөөс үүдэж эзэд нь уралдаанч хүүхэд, морьдоо барианд орж ирэхэд танихгүй байсан зэрэг олон маргаан үүсэв. Ямар ч зохион байгуулалтгүй баячуудын шөнийн цэнгэлийнх нь зугаанд гурван хүүхэд хүнд бэртсэн мэдээтэй. Нэг хүүхэд нь өчигдөр өдөр тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ямар ч ухаангүй хүргэгдээд шөнө хүртэл ухаан ороогүй байдалтай байв.
Үнэн чанартаа Монгол Улсын Засгийн газар хэдэн уяач баячуудын эрхэнд орж, өвлийн морин уралдааныг хориглож чадахгүй өдийг хүрлээ. Өвлийн морин уралдааныг зогсоож, үр хүүхдээ хамгаалах гэсэн иргэдийн бухимдлыг Засгийн газраас “унаач хүүхдийг 12-оос дээш нас” гэж тодотгосон болоод өнгөрсөн. Гэвч 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэнэ гэж Үндсэн хуульд заасан байдаг. Тэгэхээр Монголын төр засаг энэ байдлаараа 12-оос дээш насны хүүхэд хүчирхийлэлд өртвөл, хүчиндүүлбэл тооцохгүй гэдэгтэй утга нэг шийдвэр гаргасан бус уу. Энэхүү нүд хуурсан шийдвэр нь НҮБ-ын хоригтой тулчихаад байхад л эрх дархтнууд зугаацсаар л байна.
Цаашлаад аливаа уралдаанд морь унаач хүүхдийн эрх ашгийг хүндэтгэж, зохих шаардлага хангасан байх учиртай. Уг нь хүүхдийн хувцас, хамгаалалт, гутал, эмээл, бүр морины хазаарт нь хүртэл стандарт тогтоож өгсөн байдаг ч дагаж мөрдөх нь ховор гэдгийг албаны хүн хэлж байна. Стандартын дагуу хувцас хэрэглэл өмсүүлээгүй иргэнийг 10-20 мянган төгрөг, аж ахуй нэгжийг 50-100 мянган төгрөгөөр торгодог гэх инээдтэй ч гэх юм уу, эмгэнэлтэй ч гэх юм уу дүрэм байдаг. Торгуулийн хэмжээ ийм бага байдгаас ч тэр үү унаач хүүхдийн амь насаар дэнчин тавьж, зугаацдаг байдал газар авсаар өдийг хүрлээ. Энэ улсын төрд эрүүл ухаантай хүн байна уу?
“Дүнжингарав 2018”
Анх удаа л ийм юм харлаа "Дүнжингарав" соёолонгийн уралдаан шөнө болж хүүхэд, морио хайсан улс байна гэнэ. Муу юм холуур унаач хүүхдүүд эрүүл байгаасай билээ бурхан минь!2018.03.18
Posted by Bayarmagnai S Myangan on Sunday, March 18, 2018
Ер нь манай үндэсний хөрөнгөтнүүд 80 саяар араб морь худалдан авч, 60 саяын хөөргөөр тамхилан, түүнээсээ кайф авдаг. Хөгжингүй орны хөрөнгөтнүүд хэрхэн хөрөнгөждөгийг нь дуурайсан юм чинь хөрөнгөө юунд, яаж зарцуулдгийг нь бас сурмаар юм. Тэд ядуу айлын ухаантай хүүхдийг Кембрижийн их сургуульд сургаж, гайхалтай удирдагч, шилдэг мэргэжилтэн болгон, хүнээс кайф авдаг юм байна. Монголчууд бид ч гэсэн хүнээ хайрлахад сэтгэл зүтгэлээ зориулан, хөрөнгө босгож сурмаар юм.
Хэдий болтол бэртсэн, гэмтсэн хүүхдүүдийнхээ зовлон шаналалаар зугаацаж суух юм бэ. Насаараа тахир дутуу болчихоод харамсаж халаглаж суугаа хүүхдүүд цөөнгүй байна. Тэд баячуудын зугаа цэнгэлээс болоод хэдэн төгрөгийн төлөөсөнд амьдралаа бүхэлд нь өгчихөөд байхад баячуудын зугааг төр засаг албан ёсоор дэмжсээр л байх уу…
О.ГЭРЭЛ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.