“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маргаан нэлээд ужиграх хандлагатай болсон. Энэхүү үйл явдлын гол учиг “Жаст” групп, “Стандарт” банкны хооронд хийгдсэн зээлийн баталгааг “Эрдэнэт үйлдвэр” гаргасан гэх асуудлаар хууль, хяналтын байгууллага 2013 оноос шалгаж байгаа бөгөөд одоо ч үргэлжилсээр байгаа. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан “Жаст” группийн захирал Ш.Батхүүг АТГ өчигдөр барьж хорьжээ. Мөн Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажилладаг С.Анхбаярын гэрт АТГ-ын байцаагчид нэгжлэг явуулсан байна.  Учир нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдээлэл хийхдээ “Ц.Нямдорж С.Анхбаяраар дамжуулан  42 сая ам.долларын шахааг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт хийсэн’ талаар мэдэгдэж байсан юм.  Б.Хурцын мэдэгдлийн дараа  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ‘ С.Анхбаяр бол манай багшийн хүүхэд” гэсэн тайлбар өгч байв.  Ямар ч байсан С.Анхбаярын гэрт АТГ-ын байцаагчид нэгжлэг явуулж, Ш.Батхүүг баривчилсан нь нийгэмд том дуулиан дэгдээгээд байна. Ш.Батхүүг өчигдөр 20.00 цагийн орчимд гэрээс нь 461 дүгээр ангид хорьсон байна. Зүй нь сүүлийн хэдэн өдрүүдэд Ш.Батхүүг АТГ шалгаж байгаа гэх мэдээлэл ил болсон байсан. Тийм учраас түүнийг ийнхүү баривчилжээ. Учир нь түүнтэй холбоотой маш олон баримтууд дэлгэгдсээр байсан юм.

Түүнийг “Эрдэнэт”-ийн захирлын гарын үсгийг хуурамчаар зураад Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан гэж олон нийт ойлгодог. Гэтэл зээлийн гэрээнд Эрдэнэтийн захирал асан Ч.Ганзориг гарын үсэг зурсан болохыг УИХ-ын гишүүдийн асуулгад өгсөн Засгийн газрын албан тайлбарт дурдсан байгаа юм. Түүнчлэн Стандарт банкнаас авсан бүх мөнгө Эрдэнэт үйлдвэрийн дансанд орж ирээд ийш, тийш гарсныг өнөөх тайлбарт бас л дурайтал тэмдэглэжээ. Угтаа аливаа байгууллагаас мөнгө гарлаа гэхэд зөвхөн нэгдүгээр гарын үсэг зурагдсан байдгийг хүмүүс мэднэ. Тэгэхээр хуурамч гарын үсгээр зээл авсан байлаа гэхэд Эрдэнэтээс мөнгө гарахын тулд жинхэнэ гарын үсэг зурагдсан байх учиртай. Ямартай ч цагаан захтнуудын овжин мэхэнд олон сая ам.доллар элсэнд асгасан ус шиг хаашаа орсон нь тодорхойгүй ч, эзэд нь бас үйл явдал хэрхэн өрнөсөн процесс ил болсоор байгаа нь талархууштай…

О.ГЭРЭЛ