ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН БҮСЭД БАЙСАН 4 МОНГОЛ ИРГЭНИЙГ АЮУЛГҮЙ ГАЗАР ШИЛЖҮҮЛЭН АВЧИРЧЭЭ

2018-02-8 Засгийн газар

Өнгөрсөн мягмар гаригт (2018.02.06) 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон Тайванийн зүүн эргийн Хуалиан хотод монгол оюутнууд  байжээ. Тэднийг өнөөдөр өглөө газар хөдлөлтийн бүсээс 200 км-ийн зайтай газарт нүүлгэн шилжүүлсэн талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Газар хөдлөлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж буй. Тайванийн Хуалиан хотын Цжучи их сургуульд 6 оюутан, Дунва их сургуульд 10 оюутан тус тус суралцдаг байна. Тайпэй хотоос 260 км-ийн зайд оршдог зүүн эргийн Хуалиан хотод болсон газар хөдлөлтийн улмаас нурсан барилга байшинд олон арван хүн дарагдсан гэж оршин суугчид болон гэрчүүд хэлж байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээгээр нурсан барилга, байшингаас 196 хүнийг аварч, гаргасан ажээ.

Иймд тус бүс нутагт манай улсын иргэд амьдарч байгааг эсэхийг Гадаад харилцааны яамнаас тодруулахад, “Газар хөдлөлтийн бүсэд манай улсын 4 иргэн байсныг өчигдөр Тайпэй хотноо шилжүүлэн авчирсан. Тэдгээр иргэд нь оюутнууд бөгөөд ямар нэг гэмтэл бэртэл авсан хүн байхгүй. Бид байнга холбоотой ажиллаж байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.