Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх арга болон энэ өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхтэй ярилцлаа.
-Халдвар авсан өвчтөнд хамгийн түрүүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Менингококкт халдварын үед 39-өөс дээш халуурдаг. Халуун бууруулах эм хэрэглэсний дараа халуун буух боловч богино хугацааны дараа дахин өндөр халуурч эхэлдэг. Өндөр халуурахаас гадна толгой өвдөх, дагзны хөшингө илрэх, бөөлжих, татах, арьсан дээр цусархаг тууралт гарах, хурц гэрэл, дуу чимээнд цочиромтгой болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
-Менингококктоор ихэвчлэн хэдэн насныхан өвчлөх хандлагатай байна вэ?
-Энэ өвчнөөр бүх насныхан өвчлөх магадлалтай. Гэхдээ 0-5 насныханд элбэг тохиолддог учраас энэ насны хүүхэдтэй эцэг, эхчүүд гэнэт халуурах, толгой өвдөх, огьж бөөлжих, арьсан дээр цусархаг тууралт гарах, нэг хүртэлх насны хүүхдийн зулай төмбийж чинэрэх, татах, хэт цочимхой болох шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж, өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах хэрэгтэй.
-Өвчний далд үе хэд хоног үргэлжилдэг вэ?
-Өвчний далд үе 3-10 хоног үргэлжилдэг. Өвчтөн халдвар авснаас хойш далд үед хамгийн их халдварыг тарааж байдаг. Далд үе өнгөрснөөс хойш өвчтөнд шалтгаангүйгээр өндөр халуурах шинж тэмдэг илэрдэг. Дараагийн шинж тэмдэг нь арьсан дээр цусархаг тууралт гарч эхэлдэг.
Менингококкийн халдвар гэдэг нь арьсан дээр зөв биш хэлбэртэй цусархаг тууралт гарах болон тархины зөөлөн бүрхүүл, эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Хүмүүс энэ өвчинг ихэвчлэн цахилгаан менингит гэдгээр нь мэддэг. Энэ өвчний халдвар авсан даруйд маш богино хугацаанд хүндэрдэг учир ингэж нэрлэх нь бий.
-Менингококкт халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Гурав, дөрөвдүгээр саруудад өвчний идэвхжилт оргил үедээ хүрдэг учраас урьдчилан сэргийлэх аргыг тогтмол хэрэглэж байх шаардлагатай. Хамар хоолойн цочмог үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх ёстой. Амин дэмээр баялаг, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, шингэн зүйл уухаас гадна өглөө, оройдоо давс, сода, царван, нимбэгний уусмал, фурацилин, тамедины уусмалын аль нэгээр хамар, хоолойгоо тогтмол зайлж, бактерийг халдваргүйжүүлэх аргыг хэрэгжүүлээрэй.
Өрөө тасалгаандаа агаар оруулан, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдүүдийг шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөж байна.
Менингикоккт үүсгэгч нян хамар, хоолойн залгиурыг гэмтээж байдаг. Өөрөөр хэлбэл нян тээгч болчихдог. Тухайн хүний дархлаа суларсан тохиолдолд өвчин үүсэх магадлал өндөр байдаг. Хэдий менингикокктын шинж тэмдэг илрээгүй ч хүүхдүүдэд хамар хоолойн үрэвсэл байна гэж үзвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг.
-Энэ өвчин бүрэн эдгэрдэг үү?
-Тухайн хүүхдийг эрт оношилж арга хэмжээ авч чадвал энэ бол бүрэн эдгэрдэг өвчин шүү дээ. Бактерийн гаралтай өвчин учраас өмнө нь туссан ч дархлаа суларсан тохиолдолд дахин тусах магадлалтай.
-Энэ өвчинг гэр аргаар эмчилж болох уу?
-Энэ өвчинг гэр аргаар эмчлэх боломжгүй. Нэн тэргүүнд тухайн хүүхдийг тусгаарлах арга хэмжээ авч, эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай. Түргэн явцтай өвчин учраас гэрийн нөхцөлд эмчлэх боломжгүй гэсэн үг. Тухайн өвчтөнтэй хамт байсан хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, менингококктын эсрэг вакцинжуулалтад хамруулах арга хэмжээг авч байна.
-Халдварын эсрэг вакцин байдаг гэж сонссон. Сөрөг нөлөөлөл байгаа юу?
-Менингококктоор өвдсөн өвчтөний гэр бүлийнхнийг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах шаардлагатай. Урьдчилан сэргийлэх вакциныг иргэд сайн дурын үндсэн дээр хийдэг. Вакцинжуулалтад зургаан сартайгаас дээш насныхан хийлгэх заалттай. ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын кабинетэд тус вакциныг 13500 төгрөгөөр хийж байгаа. Ямар нэгэн өвчний улмаас бие хямарсан, өвдсөн тохиолдолд вакцинжуулалтад хамрагдахгүй.
А.Уянга
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.