Ч.Нилбаатар: Малыг зөв хөнгөлбөл махны гарц, шим тэжээл нэмэгддэг

2018-02-8 Монгол уламжлал
Монгол малын махны ашиг шимийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чанарыг дээшлүүлэх чиглэлээр ЭСТО компанийн ХАА хариуцсан зөвлөх, малын эмч Ч.Нилбаатартай ярилцлаа. Тэрбээр энэ чиглэлээр 30 гаруй жил судалгаа хийж, практикт нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.

– Монгол үхрийн тугал, бярууг махны чиглэлээр эрчимтэй өсгөн бойжуулах арга туршлагаасаа хуваалцана уу? Та энэ чиглэлээр яг ямар аргачлал боловсруулаад байна вэ?

– Би малчин айлд төрж өсөөд, мал дээр 10 гарй жил, малын эмчээр 10-аад жил ажилласан. Сүүлийн 20 гаруй жилд нь үхрийн, тэр дундаа бага үхрийн махны ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж, улсад нийт 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан байна.

Судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ярвигтай, хөрөнгө мөнгөний боломж ч амаргүй байдаг. ХХААХҮЯ, Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС гээд олон газраар явсан. Харин ЭСТО компанийн захирал Д.Батжаргал гэж хүн маш нааштай  дэмжиж хүлээж авсан. ЭСТО компани хэдийгээр зам барилга, бүтээн байгуулалтын компани боловч фермийн аж ахуйг сонирхож байсан учир миний оюуны бүтээлд хөрөнгө оруулж, практикт нэвтрүүлж ажиллаж байна.

Монгол малын ашиг шимийг дээшлүүлэх хоёр арга бий. Эхнийх нь үүлдэр угсааг сайжруулах, эрлийзжүүлэх, удаах нь арчилгаа маллагааг дээшлүүлэх. Миний хувьд малыг эрлийзжүүлж сайн чанарын мал гаргаж авах чиглэлээр 30 гаруй жилийнхээ идэвхтэй амьдралаа зориулсаны хувьд  хэлэхэд энэ нь маш олон жилийн хугацаа, өртөг шаардсан ажил байдаг. Тиймээс арчилгаа, маллагаанд суурилж ашиг шимийг дээшлүүлэх арга эрэлхийлэх нь судалгааны ажлын маань гол зорилго байсан.

– Үүлдэр угсааг сайжруулах нь маш олон жилийн хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардсан ажил гэж Та хэллээ. Тэгвэл монгол малыг байгаагаар нь яаж сайжруулах вэ. Ашиг шимийг нь хэрхэн дээшлүүлэх вэ?

– Үүнд хоёр янзын ойлголт бий. Нэгдүгээрт, ашиг шимийг яаж сайжруулах вэ, хоёрдугаарт ашиг шимийн мөн чанарыг яаж сайжруулах вэ гэж. Малын мах, дагалдах бүтээгдэхүүний гарцын хэмжээ, түүний чанарын үзүүлэлтэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээрээс хамгийн чухал нь малын ашиг шимийн төрөлжилт, үүлдэрлэг байдал, нас хүйс, бэлчээрлэлтийн болон тэжээллэгийн үр дүнд мах, өөх  хуримтлуулах чадвар юм.

Махны гарцаар яривал монгол мал дэлхийн аль ч малын махтай өрсөлдөж чадахгүй. Дөрвөн улирлын уур амьсгал, уул ус, бэлчээр нутагтаа таарсан давжаадуу биетэй, мах чангатай байдаг. Ер нь бол дэлхийн жишигт яснаас нь салгасан үхрийн мах нь 85 хувийн гарцтай байдаг. Манай монгол малын махны гарц хамгийн өндөр нь 79 хувьтай байна. Бага малын биш идэшний хязаалан соёолон үхрийн гарц шүү дээ. Өндөр ашиг шим бүхий махны чиглэлээр төрөлжсөн бага малын нядалгааны гарц 65-70 хувьд хүрч байхад бэлчээрийн монгол малын нядалгааны гарц 45-51,2 хувь байх жишээтэй. Гарцыг нэмье гэвэл эрлийзжүүлж, үүлдэр угсааг нь сайжруулах хэрэгтэй болно. Энэ нь их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил гэдгийг дээр дурдсан. Харин гарцыг биш гарч байгаа махны ашиг шимийг дээшлүүлж, түүнийгээ нотолж чадвал монгол маханд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бий.

Сүүлийн үед фермийн аж ахуй хөгжсөн орнууд малын хэт идэвхжүүлсэн, биологийн нэмэлт бүтээгдэхүүнээр баяжуулсан тэжээлээр тэжээхээс буцаад татгалзаж байгаа. Манай мал аж ахуй бол онцлогтой. Бэлчээрээр явдаг учир махных нь шим тэжээл ондоо. Гэхдээ манай уламжлалт ахуйн онцлог байна, бас учир дутагдалтай тал ч байна. Монголчууд үхрийг тугал бяруу байх үед нь биш гол төлөв нас бие гүйцээж байж нядалдаг. Энэ хооронд мах нь хатуурчихдаг. Бид эр малыг шим тэжээлтэй байх үед нь, өөрөөр хэлбэл залуу байхад нь хүнсэнд хэрэглэдэг болох хэрэгтэй.

– Ер нь махны шимт чанар гэж яг юуг хэлдэг вэ? Монгол үхрийг тугал, бяруу байх үед нь нядалдаг болсноор ямар бодит ашиг байгаа вэ?

– Хамгийн эхлээд арчилгаа, маллагааны зардал хэмнэгдэнэ. Зардал бага байгаагийн хэрээр ашиг өндөр байна гэдэг маш том давуу тал. Махны чиглэлийн эр үхрийг 18-24 сартайд нь нядалбал залуу үхрийн мах гэж үздэг. Нэг ёсондоо тугал бярууны мах гэсэн үг л дээ. Энэ насанд идшинд тохируулан өсгөж томруулна гэсэн үг.

Ер нь малын мах, булчин амьдралынхаа эхний 6 сард хамгийн эрчимтэй өсч, дараа нь аажмаар буурдаг. Тийм учраас малыг 6-9 сартайд нь гүйцэд сайн тэжээж, арчилгаа, маллагаандаа онцгой анхаарах, тухайлбал элдэв стресс буюу мэдрэл цочролын хортой хүчин зүйлсээс сэргийлэх нь зүйтэй.

Ялангуяа төл мал засах буюу хөнгөлөх одоогийн арга барил малыг удаан хугацаанд мэдрэл цочролын байдалд оруулснаар мах ургах явц удааширдаг. Тиймээс л би бидний уламжилж ирсэн хөнгөлөх аргаас арай өөр арга ажиллагаа санал болгоод байгаа юм л даа.

– Монголчуудын мал хөнгөлдөг уламлжлалт арга махны гарц, ашиг шимд сөргөөр нөлөөлөөд байна гэж Та хэллээ. Тэгвэл ямар дэвшилтэт арга байна вэ?

– Мал хөнгөлөх тал дээр хоёр алдаа байна. Нэгдүгээрт, бэлгийн бойжилт нь гүйцээгүй байхад хөнгөлдөг. Уг нь бэлгийн бойжилтоо дагаад биеийн өсөлт явагддаг. Тиймээс хугацаан дээр алдаад байна. Хоёрдугаарт төл малын бэлгийн булчирхайг сугалж авах байдлаар засч байна. Энэ нь тийм оновчтой арга биш. Эр үхрийг хөнгөлөхгүйгээр 12-15 сар хүртэл маллахад өсөлт нь улам сайжирч, хөнгөлсөн эр үхрээс 20-30 хувь илүү мах өгч чаддаг. Махан ашиг шим нь малын настай ямагт холбоотой тул малын өсөлт хөгжилтийн дагуу биеийн жин дээшилж, гулуузны жин нэмэгддэг. Малын бие мах ургах үйл явцад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол мал хөнгөлөх арга юм. Мал хөнгөлгөөний аргуудын хамгийн ашигтай нь “Зөвхөн үр дамжуулагч болон түүний бүрэлдэхүүн хэсгийг таслах” арга бөгөөд энэ аргаар хөнгөлсөн малын амьдын жин үлэмж хэмжээгээр нэмэгддэг төдийгүй махны шимт чанар дээшилдэг болох нь амьдрал дээр батлагдаад байна.

– Яг ямар арга илүү тохиромжтой вэ? Таны санал болгож байгаа арга уламжлалт аргаас юугаараа ялгаатай вэ?

– Эцэг тавихгүй малыг засах нь зайлшгүй. Тэгэхгүй бол сүргийн бүтэц алдагдана, үүлдэр угсаа муудна. Миний мэдэж байгаагаар малыг хөнгөлөх 100 гаруй арга дэлхийд байдаг. Битүү, задгай гэх мэт. Ер нь бол засах, хөнгөлөх хоёр өөр. Засна гэдэг төл малын бэлгийн булчирхайг авахыг хэлдэг. Хөнгөлнө гэдэг нь үржилд тэнцээгүй насанд хүрсэн малыг засахыг хэлдэг. Тавдугаар сард бүгдийг нь хөнгөлчихөөр бүх юм зогсолтод ордог.

Монгол мал давжаарлаа гэж ярьдаг. Үүнтэй холбоотой. Бэлгийн бойжилт гүйцээгүй байхад засчихаар биеийн бойжилт гүйцэхгүй. Монголоос өөр газар задгай засах буюу эр бэлгийн булчирхайг сугалж хаяж засдаг орон байхгүй. Өвчин халддаг, малаа зовоодог, бас эрүүл ахуйн хувьд хоцрогдсон.

– Уураг ихтэй байдаг гээд малын засааг чанаж идээд байдаг шүү дээ?

– Дээр үед уургийн бүтээгдэхүүн ховор, өндөг тахиа элбэг байгаагүй үед уургийн хэрэгцээг нөхдөг байсан байх. Одоо бол засаанд агуулагддаг 10-15 гр уургийг нэг удаадаа идэхэд шальтай нөлөө байхгүй. Тэр уураг харин малдаа байвал нөхөн сэргээгдээд явдаг. Тэр уургаар тэжээгдэж эр малын биеийн бойжилт эрчимтэй явагддаг. Малд бурхнаас заяасан юмыг болоогүй байхад нь авч болдоггүй юм байна. Тиймээс “төөнөж-таслах” аргаар мал засах буюу хөнгөлөх цахилгааны соронзон долгионы багаж хэрэгсэл зохион бүтээгээд байгаа юм. Би энэ аргачлалыг боловсруулахдаа нэлээд судалгаа хийсэн. МАА эрчимжүүлсэн орнуудын туршлагыг харсан. Япон, Австраличууд резинэн бөгж хийж үрийн сувгийг тэжээлээс холтгодог. Энэ арга манайд зохихгүй. Харин төөнүүрийн арга илүү тохиромжтой нь нотлогдсон.

– Төөнөх аргын талаар тодорхой ярихгүй юу. Хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрч байна?

– Төөнөж байгаад үр дамжуулах мэдрэлийн судсыг тасалж авдаг. Харин бэлгийн булчирхайг авдаггүй. Ингэснээр эр малын үндсэн рефлекс алга болдоггүй. Бие нь томорч, зоригтой болдог, өөрийгөө болон бусдыгаа хамгаалдаг, бэлчээрээ хамгаалдаг байгалийн инстинкт  нь хэвээрээ байдаг.

Ер нь бол энэ аргыг 1984 онд тогтоосон. Түүнээс хойш сайжруулж явсаар цахилгаан төөнүүрийн 8 дахь загварыг хийлээ. Арга ажиллагааны хувьд ч малдаа зовиургүй, эрүүл ахуйн эрсдэл багатай. Ерөнхийдөө  шүдэнзний модны толгойны хэртэй жижиг нүхээр цоолж багажаа оруулаад үр дамжуулах суваг, мэдрэлийн сувагтай нь тасалж байгаа юм. Уламжлалт арга шиг унагааж аваад ноцоод, хутга шөвөг болох ямар ч шаардлагагүй. Ингэж хөнгөлөхөөр үр үйлдвэрлэгдэнэ, гэхдээ цус руугаа шимэгдэнэ гэсэн үг.

Дээр хэлсэнчлэн эр бэлгийн гормон ялгарахаар малд булчин суух үйл явц түргэсдэг. Мах гэдэг нь булчин. Эцэг малын мах нэл булчин, даахын аргагүй хатуу байдаг, эх малын мах өөх ихтэй байдаг. Энэ хоёрын дундуур өөх багатай мах ихтэй сайн чанарын мах богино хугацаанд гаргаж авах зорилгоор л энэ аргыг сүвэгчилж, амьдралд хэрэглэж байна.

– ЭСТО компани дээр хэрэгжүүлж байгаа арга энэ үү? Тус компани ингэж гаргаж авсан сайн чанарын махыг юунд ашигладаг вэ?

– Тиймээ. Энэ аргаа ЭСТО компанитай хамтраад “МАШ-Булган” төсөл болгон хэрэгжүүлж туршиж байгаа. МАШ гэдэг нь малын ашиг шим гэдгийн товчлол. Бид Дорнод аймгийн  Булган сумын гуравдугаар багийн нутаг Төмөртэй гэдэг газар жилд 80-100 толгой тугал, бяруу аваад, хязгаарласан бэлчээр дотор маллаж “загвар аж ахуй” байгуулсан. Ерөнхийдөө бэлчээрийг л хашсан болохоос уламжлалт аргаар, зардал багатай, элдэв нэмэлтгүйгээр тэжээж байна.

Хөнгөлөх хугацааны хувьд бас харилцан адилгүй байгаа. Хөнгөлөх гэж байгаа бяруугаа 4 дүгээр сард авчраад бэлгийн бойжилтыг хүлээнэ, гүйцэхээр нь хатгалт буюу төөнүүрээ хийнэ. Малынхаа бойжилтоос шалтгаалаад ихэнхдээ 5 дугаар сарын сүүл, 6 дугаар сарын эхээр хийдэг. Зарим цөөн тохиолдолд 8 дугаар сард хүргэдэг. Үүний дараа биеийн бойжилт нь эхлээд, яс нь томроод ирдэг. Яс дагаж мах томордог. 11 дүгээр сар дөхөөд ирэхээр амьдын жин 37 хувиар өсдөг. Нэг ёсондоо хэдхэн сарын дотор махан ашиг 13, 14 хувиар өссөн байдаг. Гол нь 5-10 км дотор өөр малтай холихгүйгээр дагнан өсгөөд нядлах хэрэгтэй. Эм малын үнэр авахуулж хэрэгггүй гэсэн үг. Энэ хооронд дархлаажуулалт ч онцын шаардлагагүй. Намар нь нядлахад шим тэжээлийн хувьд ч, махны гарцын хувьд ч нэмэгдсэн байдаг.

Манай компани сүүлийн гурван жилд загвар аж ахуйд үржүүлж, нядалж байгаа малдаа нэг ч эм тариа хийгээгүй. Элдэв антибиотик хийхгүй болохоор махны чанар хадгалагддаг. Шинжилгээгээр ч сайн гарсан. Мал эмнэлгийн лабориториудаар байнга сорил шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулдаг. Энэ махаа ресторануудад өгдөг, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийж үзсэн, бас Солонгосын нэг бургерийн үйлдвэрлэлийг франчайзаар оруулж ирсэн. Эдгээрт хэрэглэхэд шим тэжээл, амин дэмлэг чанараараа өндөр үзүүлэлттэй гарсан. Тодорхой хүрээнд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа. Цаашид өөр бусад үйлдвэрлэл, экспорт зэрэг нь компанийн мэдэх дараагийн асуудал байх. Миний хувьд олон жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг нүдээр үзэж байгаадаа л баяртай байна даа.

– Ярилцсанд баярлалаа.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.