АТГ-аас сар бүр сэтгүүлчдэд өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Он гарсаар АТГ-т авилгатай холбоотой 219 дуудлага иржээ. Үүний дийлэнх хувийг эрхзүйн тусламж, тодруулга хүссэн дуудлага байжээ.
Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол мэдээлэл ирснийг шалгасан бөгөөд 32-т нь хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Харин албан тушаалтай холбоотой 51 өргөдөл гомдлыг шалгаж зургаан албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж хариуцлага тооцуулжээ. Мөн хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн яамд, нийслэлийн засаг даргын тамгын газрын нэр бүхий зургаан албан тушаалтанд хуулийн дагуу ажлаас халах, сахилгын шийтгэл ноогдуулах хүртэлх арга хэмжээ авчээ.
Мэдээллийн үеэр АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан комиссар Т.Мөнхтунгалаг сэтгүүлчдэд цаг үеийн зарим асуудлаар хариулт өглөө.
-Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгосон эсэх асуудлыг шалгаж эхэлсэн.
-Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа иргэдтэй холбоотойгоор он гараад хоёр тогтоол хэрэгжиж эхэлсэн. Эхний үүний дагуу хоёр тоолуур гүйж эхэлсэн. Эхний тоолуур эхний тогтоолоор батлагдсан 34 бүс нутгийн жагсаалттай холбогдуулж 2018 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд оффшор бүсэд данстай иргэдийн мэдээллийг хүлээн авч байгаа. Одоогоор шинэ мэдээлэл ирээгүй байгаа. Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа нийт 49 иргэнтэй холбоотой асуудлы шалгаж байна.
-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг АТГ-д шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Гишүүн мэдүүлгээ өгсөн.
-Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд болсон МАХН-ын хуралтай холбогдуулан шалгаж прокурорт шилжүүлсэн.
-БСШУС сайд Ц.Цогзолмаатай холбоотой хууль бус томилгооны асуудлаар төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нартай холбоотой гомдол ирсэн. Тус гомдлыг шалгах явцад 2017 оны 12 сарын 22 өдөр мөн нэгдүгээр сарын 8-ны өдөр нэмэлт шалгуулах асуудал байна гэсэн асуудлаар нэмэлт гомдол ирсэн. С.Мөнхөөлэй гэдэг хүний томилгоотой холбоотой асуудал нь хууль тогтоомжид нийцсэн үү үгүй юу гэдгийг шалгуулахаар төрийн албаны зөвлөл рүү албан бичиг хүргүүлсэн байгаа. Албан бичгийн хариу одоогоор ирээгүй байна” гэв.