Төрийн ордонд өчигдөр /2018.01.03/ “Утааг бууруулах технологийн шийдэл” танилцуулга, үзэсгэлэн нээгдсэн. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд утааг бууруулах үзэсгэлэнг үзэж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Утааг бууруулах богино, дунд, урт хугацааны бодлого, шийдлийг Засгийн газраас гаргахаар хэлэлцэж байна. УИХ-аас ямар үйл ажиллагаанд анхаарч байна вэ?
-Утааны асуудал бидний анхаарлыг хамгийн их татаж буй. Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутгийн төв газруудад утааны асуудал сүүлийн жилүүдэд анхаарал татаж байна. Гаргасан шийдвэр, зарцуулсан хөрөнгө асар их байгаа боловч тодорхой үр дүн мэдэгдэхгүй, утааны хэмжээ багасахгүй, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлсөн хэвээрээ байгаад иргэд бухимдаж байна. Үүн дээр УИХ, Засгийн газар тодорхой шийдлүүд гаргаж ажиллах ёстой. Тийм ч учраас өнгөрсөн оны төгсгөлд УИХ-аас Ё.Баатарбилэг гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь удаагаа хуралдлаа. Өнөөдрөөс УИХ-ын гишүүд долоо хоногийн хугацаанд гэр хорооллын айл өрх, үйлчилгээний байгууллагуудаар орж, халаалтыг хэрхэн шийдэж байгааг судлахаар ажиллахаар болж байна. Ер нь утааны асуудлыг шийдвэрлэхэд хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах. Тэгэхээр энэ асуудлыг эрчимжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах талаар тодорхой шийдэлд тогтох ёстой. Тэгэхгүй Засгийн газар, хотын удирдлагууд солигдох бүрт яригдаж байсан зүйлийг өөрчлөөд дахин нэг шинэ зүйл эхлүүлээд байсан учраас үр дүн гарсангүй. Сүүлийн 10 гаруй жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 200 орчим тэрбум төгрөг зарцуулж, хэрэгжүүлсэн шийдлүүдээ өөрчилж ирсэн. Тиймээс УИХ-аас өмнө нь гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт ямар байна вэ гэдгийг хэлэлцэж, нэгтгэн дүгнэхээр болсон. Үүнээс шалтгаалан Ажлын хэсэг Засгийн газарт чиглэл өгнө. Тэр чиглэлийн дагуу Засгийн газар судалгаа хийж олон шийдлийн аль нь илүү үр дүнтэй, төсөв мөнгөний хэмнэлттэй болохыг тодорхойлж, тогтох нь чухал байна. Ингэхдээ төв суурин газруудад урт, дунд хугацааны хөгжлийн стратегийн баримт бичгүүдтэй харшлахгүй байх хувилбарыг сонгох хэрэгтэй. Ер нь нийтээрээ хөдөлж байж, хууль эрх зүйн орчноо шинэчилж байж энэ бүхний ард гарах ёстой.
-Хууль эрх зүйн гарц шийдлийг та юу гэж харж байна?
-Утааг бий болгож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй. Гэхдээ хариуцлага ярихаасаа өмнө асуудлаа шийдэх боломж бололцоог нь төр засгаас хангаж өгөх ёстой. Тухайлбал, Ажлын хэсгээс гаргасан саналаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаж агаарын бохирдлыг бууруулах, агаар цэвэршүүлэх тоног төхөөрөмж, тэдгээрийг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх санал орж ирсэн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдахыг хүлээхгүйгээр энэ татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал гарч байна. Энэ асуудлыг ойрын хугацаанд асуудлыг шийдвэрлэж, дотооддоо хямд үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй асуудлыг ярих цаг болсон гэж иргэд шүүмжилж байна. УИХ-ын гишүүд ёс зүйгүй хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гарч байна л даа?
-УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбогдсон асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр гарч буй зүйлийн хүрээнд ойлгож болохгүй. Хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэлд үндэслэлтэй, үндэслэлгүй нь ч байна. Өнөөдөр надад УИХ-ын даргын хувьд хэн нэгэн гишүүний талаар ямар нэг хүсэлт, санал, бичиг ирээгүй байна. УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ирцийн асуудал зэргээр харин анхаарал татсан зүйлс бий. Үүнд УИХ-ын гишүүд бүлгүүд дээрээ ярьж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг бүрэн ирцтэй явуулдаг байхад тодорхой арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа. Нааштай өөрчлөлтүүд гарч байна гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүд өөрсдөө санаачилга гаргаж, хариуцлагатай байж, иргэдээс сонгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн төлөө өөрсдөө хариуцлагатай байх ёстой.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд та УИХ-ын даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд өнгөрсөн 2017 онд УИХ-д нэлээд анхаарал тавьж ажилласан. Улсын хэмжээнд иргэдийн санал авах, саналыг сонсох арга хэмжээ зохион байгуулсан. Дараа нь нийслэлд зөвлөлдөх санал асуулгыг хийсэн. Үүнээс үндэслэж Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн анхны төслийг гаргаж, УИХ-ын Тамгын газраас улсын хэмжээнд хэлэлцүүлэг явуулсан. Хэлэлцүүлгийн дүнд 327 мянган иргэний 5,6 сая санал ирснийг бүртгэж авсан. Хэлэлцүүлгийн үр дүнд ирсэн саналуудыг нэгтгэж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг төсөл боловсруулж, ойрын үед төслийг УИХ-д өргөн барих байх. Холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, улс төрийн намуудтай хэсэгчилж онол, практикийн талаас нь үнэлэлт, дүгнэлт өгсөн эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулж байгаа.
-2017 онд эдийн засаг өсөлттэй гарсан. 2018 онд эдийн өсөлттэй байж чадах болов уу. Та ямар хүлээлттэй байна вэ?
-2017 оны гуравдугаар улирал буюу арваннэгдүгээр сарын байдлаар эдийн засгийн өсөлт 5,8 хувьтай, валютын нөөц гурван тэрбум ам.доллар болсон. Энэ бол эдийн засагт нааштай ахиц, өөрчлөлт гарч байгаагийн илэрхийлэл. Одоогоос яг 15 сарын өмнө эдийн засаг -1,6 хувьтай, валютын нөөц хасах 400 сая ам.доллартай тэнцэж байсан. Үүнээс хойш УИХ-аас гаргасан шийдвэрүүд, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ улс орны эдийн засагт нааштай өөрчлөлтийг бий болгосон гэж үзэж байна. Энэ нааштай өөрчлөлтийг тодорхой хугацаанд иргэдийн амьдралд, айл өрх бүрт мэдрэгдсэн өөрчлөлт болгох ёстой. 2018 онд энэ өөрчлөлт гарна гэж харж байна.
-Татвар нэмсэн нь нааштай өөрчлөлт гэхээс илүү дарамт болохоор төсөөлөгдөж байгаа. Татваруудыг эргэж харах шаардлагыг сөрөг хүчний бүлэг тавьж байна. Энэ талаар?
-ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд татвар нэмж байгаа. Гэхдээ татвар нэмсэн асуудал нь өндөр орлоготой, архи, тамхи гэх мэт тансаг хэрэглээнд хамаарч байгаа юм. Татварын олон шатлалтай болох ажлын хүрээнд авч байгаа арга хэмжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр татвар, тэр дундаа Хүн амын орлогын албан татвар 1,5 сая төгрөгөөс дээш орлоготой нийт хүмүүст хамаарах мэтээр тайлбарлаад байна. Үнэн хэрэгтээ 1,8 сая төгрөгийн орлоготой хүн байлаа гэхэд 1,5 сая төгрөгийн орлоготой хүн хуучнаараа буюу 10 хувиар татвар өгнө. Харин нэмэгдэж байгаа 300 мянган төгрөгт л 15 хувийн татвар өгөх юм. Үүнийг иргэдэд зөв ойлгуулах хэрэгтэй. Ер нь нийт иргэдийн 90 орчим хувьд татварын өөрчлөлт орохгүйгээр бодож тооцож, татвар нэмсэн. Өндөр орлоготой иргэд болон тансаг хэрэглээнд тодорхой татвар ногдуулах нь зөв гэсэн үүднээс гаргасан.
-Айл бүрт эдийн засгийн өсөлт бодитоор мэдэгдэж чадах болов уу?
-Эдийн засаг өсч байна гэдэг тодорхой хэмжээнд ажлын байр, бүтээн байгуулалт бий болно. Энэ хүрээнд иргэд ажиллах, хөдөлмөрлөх нөхцөл бололцоо нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр иргэдийн, айл өрхийн орлого нэмэгдэх боломж бололцоо бий болох ёстой.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.