Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн ойн баярын өдөр энэ сарын 29-ний баасан гарагт тохионо.
Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.
Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал гэж үздэг. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.
УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуралдаанаар арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” хэмээн “нийтээр тэмдэглэх тэмдэглэх баярын өдөр” болгон хуульчилсан юм. Хуулийн дагуу энэ өдөр бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил баасан гарагт таарч байна. Энэ өдөр Төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн тулганы галыг бадраадаг уламжлалтай билээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30426
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.