Сонгодог урлаг ба Хүүхэд

2017-09-14 Соёл урлаг

Хүүхдийг гоо сайхны хүмүүжилтэй болгохын тулд хэвлийд байх үеэс нь эхлэх хэрэгтэй. Эцэг эх нь ном уншиж өгөх, сонгодог хөгжим сонсгох гэх мэт. Харин багаас нь музей, уран зураг үзүүлэх гэх мэтээр хүүхдийнхээ гоо зүйг төлөвшүүлэх эх үндсийг тавьж, суулгах ёстой. Ингэснээр тус урлаг нь хүүхдийн гоо сайхны төлөвшилд томоохон үүрэг гүйцэтгэдэг байна.

Зүй нь хүүхэд бага наснаасаа сонгодог урлагийг ойлгож, сонсож чаддагийг Японы эрдэмтдийн судалгаа нотолжээ. Харин судалгааны явцад бяцхан хүүхдүүдэд янз бүрийн хөгжим сонсгож үзэхэд тэдний сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн хөгжим нь Бетховений тавдугаар симпони байжээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд томчуудын тэр бүр сонсдоггүй бас ойлгохгүй хэмээн төвөгшөөдөг сонгодог хөгжмийг хамгийн сонирхолтойд тооцжээ.

Судалгаачдын ажигласнаар таван сартай хүүхдүүд ялангуяа Бетховон, Вивальдийн концертуудыг онцгой таалж, сонирхож байсан байна.

Бас нэг жишээ дурдахад сонгодог хөгжимд дуртай нэгэн залуу гэр бүл шинэ төрсөн хүүхэддээ Бахын II симфонийг өдөр бүр хэдэн цагийн турш сонсгодог байжээ. Гурван сарын дараа хүүхэд нь хөгжмийн аянд цовоо цолгин хөдөлж, хэмнэл хурдсахад хөдөлгөөн нь илүү хурдан, идэвхтэй болж, харин хөгжим дуусахад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Уйлж, уцаарлахад нь эцэг эх нь чухам энэ хөгжмийг сонсгоход тэрээр даруй тайвширдаг болсон бөгөөд нэг удаа жааз хөгжим сонсгоход эг маггүй уйлж эхэлсэн гэдэг.

Энэ бүхнээс харахад сонгодог хөгжим хэдийгээр хүн бүрийн ойлгочих зохиолын дуутай адилгүй ч нялх үрсийн маань хувьд хамгийн дуртай, хамгийн ойлгомжтой урлаг байдаг байх нь. Тийм учраас эрхэм ээж, аав та хүүхдээ ухаалаг, тайван, урлагийн мэдрэмжтэй, “соёлтой” хэвээр нь том хүн болгоё гэвэл тэдэнд сонгодог хөгжим сонсгож байгаарай. Тэд томчуудаас илүү урлаг ойлгох чадвартай байдаг юм байна.

Аливаа хүүхэд дотоод гоо зүй нь төлөвшихийн хэрээр нийгэмд тустай иргэн болж хүмүүждэг. Тэд бусдын уур хүргэсэн үйлдэл бараг гаргадаггүй. Үйлдэл бүү хэл муу үгээ ч амаараа давуулахаас эмээдэг болдог. Гоо зүйн төлөвшил нь хэрүүл маргаан, зодоон цохио, өнчрөл салалт гээд олон муу зүйлээс хүнийг холдуулахаас гадна хийж бүтээх цагтай байлгадаг сайн талтай.

Манай улсын тухайд, хэдэн мянган жилийн суурин иргэншилтэй Европын орнуудтай харьцуулахад харьцангуй бага хугацааг үдсэн ч сонгодог урлагийн төв, үндэсний театр байгуулагдаад хагас зууныг үджээ.

Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагууд ч гар хумхин суухгүй хойч үеэ сонгодог урлагаар хүмүүжүүлж эхлээд байна. Тухайлбал, УДБЭТеатр сонгодог урлагийн үзэгчдийг багаас нь бэлтгэх ажлын хүрээнд жилд дунджаар дөрвөн дүүргийн 20 гаруй Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж 4000 сурагчдад сонгодог болон үндэсний дуурь, балетын тухай лекц уншиж толилуулж байна. Мөн 70 гаруй дуурь, балетийн тоглолтод залуу үзэгчдэдээ урьжээ. Ийнхүү тус хамт олон 54 дэх улирлын хөтөлбөртөө хүүхдийн тоглолтын өдрийг бий болгон оруулж, сар бүр нэг тусгай тоглолтыг толилуулж ажиллаж буй юм.

Эх сурвалж: Newsmedia.mn

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.