У.Хүрэлсүх: Залуучуудад хөрөнгө оруулалт хийх нь хөгжил дэвшилд хүрэх гарц

2017-12-13 Засгийн газар

“Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулган Төрийн ордонд болж, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аймаг, нийслэлийн  төлөөлөл болсон 15-34 насны залуус, эрдэмтэн, судлаач зэрэг 850 төлөөлөгч оролцлоо.

Тус чуулганыг Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулжээ.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Манай улсын нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Эдгээр тоо баримт нь Монгол Улс залуучуудын с хөдөлмөрийн насны 50 хувийг залуучууд эзлэх боллоо. орон гэсэн ойлголт үнэлэмжийг баталгаажуулахын зэрэгцээ манай улсын хөгжил дэвшлийн ирээдүйг нотлон харуулж байна. Өөрөөр хэлбэл манай улсын жинхэнэ баялаг бол залуучууд юм. Улс орны баялаг ирээдүй болсон залуучуудын тоо хамгийн өндөр байгаа энэ үеийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид хөгжил дэвшилд хүрэх нь гарцаагүй. Залуучуудад зориулж хөрөнгө оруулалт хийх нь хөгжил дэвшилд хүрэх, ажилгүйдэл, ядуурлаас ангижрах нэг гарц мөн” хэмээн онцоллоо.

Тэрбээр цааш хэлэхдээ, “Залуучуудын эрүүл мэнд, өрсөлдөх чадвар бүхий мэдлэг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн идэвх оролцоо, хариуцлагатай манлайлал гэсэн таван үзүүлэлтээр дэлхийн улс орнууд залуучуудынхаа хөгжлийг хэмжиж байна. Энэ индексээр 2016 оны байдлаар Монголын залуучууд дэлхийн 183 орноос 71 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Дэлхийн залуучуудын хөгжлийн индексээр Монгол залуучуудын хөгжлийг хойш татаж байгаа хоёр үзүүлэлт бол залуучуудын эрүүл мэндийн байдал, эзэмшсэн мэргэжил, олж авсан мэдлэгээ баяжуулан эрхэлж буй ажилдаа хэрэглэх, тогтвортой хөдөлмөр эрхлэх асуудал болоод байна” гэлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөгийн залуучуудын өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал бол ажилгүйдэл, ядуурал хэмээн тодорхойлов. Үүний тулд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжил эзэмшүүлэх замаар тэднийг зуучлан ажилтай орлоготой болгох, орон нутагт хоршоолол байгуулах замаар ажлын байр гаргах, залуучуудад бизнесийн гарааны дэмжлэг үзүүлж, их, дээд сургууль, МСҮТ-ийн төгсөгчдийг тоног төхөөрөмжийн лизинг, жижиг зээлд хамруулах, одоогийн байгаа ажлын байрыг хадгалж үлдэх шаардлагатай хэмээн үзэж байв.
Залуучууд манай улсын ирээдүй гэж бид бүгд ярьдаг. Гэтэл залуучуудын маань эрүүл мэндийн асуудал ихээхэн анхаарал татаж байна. Тухайлбал, 2016 оны “Монгол Улсын хүний хөгжлийн илтгэл”-ээс харахад залуучуудын маань гуравны нэг нь тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг. Өнгөрсөн оны эрүүл мэндийн статистикийн мэдээллийг үзэхэд архины шалтгаант элэгний өвчнөөр өвчилсөн иргэдийн 14.6 хувь нь залуус байна. Хүн амын дундах эрүүл мэндийн байдлыг энэ мэтээр дүгнэн үзэхэд өвчлөлийн нэлээд хувийг залуус эзлэх болсон. Эрүүл чийрэг, боловсролтой залуучуудад хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй байх ёстой. Харамсалтай нь залуусын 50 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа. 2016 оны Монгол Улсын хүний хөгжлийн илтгэлээс харахад залуу гэр бүлийн 60 орчим хувь нь эцэг эхтэйгээ хамт амьдардаг. Энэ утгаар нь авч үзвэл улс орны ирээдүй залуус маань нийгмийн хамгийн эмзэг хэсэг болоод байгаа тухай энэ үеэр дурдагдав. Ийнхүү залуусын төлөөлөл  өөрсдийн байр сууриа илэрхийлж, төр засгийнханд даруй ажлын байрыг нэмэгдүүлэх  шаардлагатайг сануулсаар байв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.