Малын 12 нэр төрлийн тэжээл, өвснөөс тодорхой хугацаанд татвар авахгүй

2017-12-7 Мэдээ, мэдээлэл

Малын тэжээл, өвсийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас энэ сарын 4-нөөс эхлэн 2018 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлжээ. Энэ дагуу малын 12 нэр төрлийн тэжээл, өвснөөс татвар авахгүй юм.

Тодруулбал, дээрх жагсаалтад тэжээлийн өвс, хөх тариа, арвай, овъёос, эрдэнэшиш, царгасны бутмал болон хорголж, царгаснаас бусад ургамлын болон багсармал хорголжин тэжээл, ясны гурил, шар айраг исгэх эсвэл дарсны нэрэлтээс гарсан хаягдал, шаар, үр тариа болон буурцагт ургамлыг шигших, тээрэмдэх эсвэл бусад боловсруулалт хийх үед гардаг хорголжилсон, хорголжоогүй хивэг, үртэс, бусад үлдэгдэл, шар буурцагны шахдас, малын бэлдмэл /тэжээвэр амьтны тэжээл ороогүй/ тэжээл багтсан байна.

Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жил зуншлага муу, гантай байсан учир 930 мянга орчим тонныг л бэлтгэжээ. Иймээс Засгийн засгаар малын тэжээл, өвсийг татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.