“ДОТУУР БАЙР-ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРЧИН” үндэсний зөвлөгөөн үргэлжилж байна

2017-12-4 Боловсрол

Дотуур байрын багш нарын ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэх замаар дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы хүүхдийг ивээх сан, Норвегийн тусламжийн байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа “Дотуур байр-хүүхэд хөгжлийн орчин” Үндэсний зөвлөгөөн өнөөдөр Кемпински зочид буудалд эхэллээ.

Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Дотуур байрны өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах, дотуур байранд хүүхдийн сурч хөгжих таатай орчинг бүрдүүлэх талаар харилцан туршлагаа солилцож, цаашид энэ чиглэлд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны хүрээгээ тодорхойлж байгаагаараа энэ зөвлөгөөн их ач холбогдолтой юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна. “Цэцэрлэг болон Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага”-ыг БСШУС-ын сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлан, дотуур байранд амьдарч буй сурагчдын ундны ба ахуйн усан хангамж, бие засах газар, халуун усны өрөөг хүүхдийн нас, бие бялдрын онцлогт нийцүүлэн сайжруулах ажлыг зохион байгуулж байна. 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 800 ор бүхий 7 дотуур байр ашиглалтад оруулсан бөгөөд 2018 онд 5,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр 1395 ор бүхий 12 дотуур байр ашиглалтад оруулахаар төлөвлөлөө. 2018-2019 онд нийтдээ 2090 ортой, 19 дотуур байрыг ашиглалтад шинээр оруулна. Та бүхний гаргасан санал санаачлага бүрийг дэмжин ажиллах болно” гэв.

“Дотуур байр-хүүхэд хөгжлийн орчин” Үндэсний зөвлөгөөнийг хамтран зохион байгуулагч Норвегийн тусламжийн байгууллагын Суурин төлөөлөгч Бёрн Олав Сорхус хэлэхдээ “Норвегийн тусламжийн байгууллага өнөөдөр Монголын баруун бүс нутагт “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” болон “Хүүхдийн эрх-хөгжил” төслүүдээ хэрэгжүүлж байна. 2009 оноос хөдөөгийн сургуулиудын дотуур байрны хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах, хамгуулуулах, оролцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүүхдийн эрх-хөгжил” төслийг 2 шаттайгаар Ховд аймагт, 2014 оноос Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж байна. Манай төслүүдийн гол стратеги нь эрүүл мэнд, боловсролын чиглэлээр Монгол Улсын төрөөс баримталж буй бодлого, зорилтын хүрээнд орон нутгийн хэрэгцээ, санаачлага, оролцоог дэмжиж, үр дүнтэй хамтран ажиллах, тухайн салбарын мэргэжилтнүүдийг ажлын байранд нь тасралтгүй сурган чадваржуулах замаар алслагдсан нутгийн иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг чанаржуулан хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг” гэв.

Үндэсний зөвлөгөөнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа “Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны орчин, үйлчилгээг сайжруулах чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагаа”, Норвегийн тусламжийн байгууллагын “Хүүхдийн эрх-хөгжил” төслийн удирдагч Б.Баярмаа “Дотуур байрын хүүхдийн эрхийг хангахад үзүүлж буй үйлчилгээ, үр дүн, сургамж” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Монгол Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилийн байдлаар Ерөнхий боловсролын сургуулийн 513 дотуур байранд 34.6 мянган хүүхэд амьдарч, 518 дотуур байрны багш ажиллаж байна. Дотуур байранд малчин өрхийн 104,5 мянган хүүхэд суралцаж байгаагаас 25,0 мянга буюу 25 хувь нь дотуур байранд амьдарч байгаа нь дотуур байрны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна. 

Дотуур байрын хүүхдүүд бүтэн жилийн гуравны нэг буюу 9 сард нь гэрээсээ хол, эцэг эхгүйгээр бие даан амьдардаг тул дотуур байранд ажиллаж буй багш, ажилтнуудын тоог нэмэгдүүлж, тэдгээрийн хүүхэдтэй ажиллах арга дадлыг сайжруулснаар хүүхдийн ая тухтай амьдрах, дотуур байрандаа хөгжих, хамгаалагдах бололцоо хангагдах учиртай.
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, дотуур байрын багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт нь 2008 оны хоёрдугаар сард батлагдсанаас хойш 10 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр баримт бичгүүдийн хэрэгжилтийг хянаж дүн шинжилгээ хийх хэрэгцээ шаардлага байна.

Дотуур байрын багш мэргэжлийн дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрийг баталсан боловч энэ ангид элсэн суралцах хүмүүсийн тоо цөөн байна. Мөн дотуур байранд ажиллаж байгаа багш нар нь өөрийнх нь үндсэн мэргэжлийн дагуу орон тоо гарсан даруйд сургуульдаа эргэж багшаар ажиллаж эхэлдэг нь энэ албан тушаалтны ажлын байрны зэрэглэл, цалин бага, нэмэгдэл урамшууллын боломж, амралтын хугацаа болон бусад нийгмийн халамж хамгааллын нөхцөл нь харьцангуй тааруу зэрэгтэй холбоотой юм.

Сургууль, цэцэрлэг, дотуур байрын ус, ариун цэвэр, эрүүл ахуйн норм шаардлагыг 2015 онд, дотуур байрын багшийн дэвтэр, дотуур байрны календарчилсан төлөвлөгөөг 2016 онд холбогдох яамнаас батлан гаргасан нь дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах, тэнд амьдарч буй хүүхдүүдийн эрхийг хангахад чухал алхам болж байна.
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд 2016 онд шинэчлэгдэн батлагдаж хүүхэд хамгааллын асуудлыг бүх шатанд ялангуяа сургуулийн орчинд онцгойлон авч үзэх шаардлага хэрэгцээ гарсан. Дотуур байранд хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хамгаалагдах эрхийг хангахад дотуур байрны багш нэн чухал үүрэгтэй оролцох тул тэдгээрийн ажлын байрны чиг үүргийн талаар шинээр хэлэлцэх зайлшгүй шаардлага гарч байна.

“Дотуур байр-хүүхэд хөгжлийн орчин” Үндэсний зөвлөгөөнөөр: 

– Дотуур байранд хүүхдийн эрх хангагдах нөхцөл байдлыг бий болгох, материаллаг болон материаллаг бус орчныг хүүхдэд ээлтэй болгоход дотуур байрны багш нарын үүрэг оролцоог тодорхой болгох
– Дотуур байрны нөхцөл байдлыг сайжруулах, эрэлтийг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог тодорхойлж шийдвэрлэх арга замыг тодорхойлох
– Дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн хөгжил оролцоог хангасан хөтөлбөр бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөх зохион байгуулах
– Дотуур байрны багшийн ажлын ачааллыг зөв тодорхойлох, бууруулах, дотуур байрны багшид хандах хандлага, үнэлэмжийг нэмэгдүүлэх гэх асуудлыг нарийвчлан авч хэлэлцэж тодорхой зорилт дэвшүүлэн хэлэлцэж байна.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.