Ц.НЯМДОРЖ: Захиалагчтай холбоотой 74 хуудас материал нууцын зэрэглэлд үлдлээ

2017-12-1 Засгийн газар

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, С.Зоригийн хэргийг улсын нууцаас гаргах эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим хэсгийг улсын нууцаас гаргах асуудлыг дэмжсэн байна.

Хэрэгтэй холбоотой 15 мянган хуудас материал байдаг юм байна. Үүний 14926 хуудас материалыг улсын нууцаас гаргахаар болжээ. Харин үлдсэн 74 хуудас материал нь захиалагчтай холбоотой мэдээлэл учраас нууцын зэрэглэлд үлдээхээр болсон байна.

Энэ талаар Хууль зүй дотоо хэргийн сайд Ц.Нямдорж “С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж гурван иргэн ял шийтгүүлсэн байгаа. Энэ гурван иргэнтэй холбоотой 14,926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилж, ерөнхий прокурорт байдаг энгийн хэргийн архивт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ асуудлыг Дээд шүүх судалж, эцсийн шийдвэрийг гаргана” хэмээн мэдээллээ.

Хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

–Засгийн газрын хурал­даанд Тагнуулын ерөнхий газрын дарга нь яагаад ирээгүй юм бэ?

-Тагнуулын дэд дарга орсон. Зарим зүйл дээр өөдөөс харж сууж байгаад улайм цайм худал ярьж бай­на лээ. С.Зоригийн хэргийг ил болгоход асар их саад учирч байгаа. Зориуд будилуулж байгаа. Таг­нуулын ерөнхий газ­рын саналыг авч би са­нал оруулсан. Үүнийг ил бол­гочихвол элдэв ал­даа завхрал илрэх вий. Өм­гөө­лөгч нь юм ярих вий гэдгээс үхтлээ айж байна. Ядаж өмгөөлөгчийг сонсох хэрэгтэй.

–Захиалагчийг хэзээ зарлах вэ?

-Хамгийн ноцтой нь захиалгаар хүн алсан гэж гурван хүнийг шийт­гэсэн. Захиалагчийг таг­нуу­лынхан юм уу шийт­гүүл­сэн гурван хүний аль нэг нь нуусан байж таар­на. Энэ талаар хуулийн­хантай ил далд удаан ярьж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр захиа­лаг­чийн талаар ярихад сон­гуульд нөлөөлнө гэсэн. Түүний дараа ярих гэтэл Ерөнхийлөгчийн сон­гуулийн дараа бол гэсэн. Гэтэл одоо захиалаг­чийг зарлавал хүмүүс хэлмэг­дэнэ гэх юм. Энэ юу болоод байна вэ. Ямар ч байсан шийтгүүлсэн хүмүүсийн тухайд асуудлыг ил болгох ёстой.

–Засгийн газрын хурал­даа­наар захиалагчтай хол­боо­той 74 хуудас мате­риалыг улсын нууцаас гар­гах­гүй гэсэн. Яагаад тэр билээ?

-Ямар ч байсан захиалагчийг хайх Ажлын хэсэг байгуулагдсан. Тэр хүрээнд нууцлахаар болсон.

–Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх албан бичиг хүргүүлсэн. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Албан бичиг ирсэн. Ажлын хэсэг байгуулаад оролдоод үздэг юм билүү гэж бодож байна. Гэхдээ Ерөнхийлөгч тийм байр суурьтай байгаа бол хууль санаачлах эрх нь бий. Хэрэв Засгийн газартай албан ёсоор харилцах гэж байгаа бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гарын үсэгтэй шийдвэр байх ёстой. Ер нь цаазын ялыг халсан нь цагаа олоогүй гэдэг байр суурьтай байдаг. Зөвхөн хүн амины хэргийн асуудал ч байгаа юм биш. Хоёр том гүрний дунд оршиж байгаа цөөхөн хүн амтай жижиг улсын хувьд тусгаар тогтнолын асуудал эрүүгийн хуульд байдаг. Эрүүгийн хуулийн хил хязгаар гэж бий.

–Тодорхой хэргүүд дээр сэргээх санал бий юу?

-Хүн амины хэрэг, төрийн зүтгэлтний амь насанд халдаж Монголын тусгаар тогтнолд халдсан гэсэн байр суурь бий.

–Б.Хурцын асуудлаар нийтийн сонсгол явуулах асуудал юу болсон бэ?

-Нийтийн сонсгол хийх Ажлын хэсэгт орсон гишүүд гадаад явсан. Ирэх долоо хоногоос ирээд ярих юм байна.

–Монголбанкны ерөн­хий­лөгч асан Н.Золжаргалыг саатуулсан талаар ямар мэдээлэл байна вэ?

-Авлигатай тэмцэх газ­раас өчигдөр /уржигдар/ орой барив­чил­сан гэсэн. Надад албан ёсоор мэдээ­лэл ирээгүй. Ямар асууд­лаар баривчилсныг нь мэдэхгүй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.