Чехийн ЭСЯ виз мэдүүлэгчдийг шинэ системээр бүртгэнэ
Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайдын яамнаас тухайн улс руу виз мэдүүлэх шинэ системийг танилцууллаа. Бүгд Найрамдах Чех улсын Гадаад яам нь визапойнт системийн үйл ажиллагааг 37 оронд хаасан байна. Визапойнт систем ажиллаж байх явцад зуучлагчид хууль бусаар авлига авдаг гэсэн асуудал гардаг байжээ. Тухайн визапойнт системийн талаар удаан хугацааны шүүмжлэл, дээд шүүхийн шийдвэр болон тус системийн үйлчлүүлэгчидтэй байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон зэрэг хэд хэдэн бодит байдлыг харгалзан үзэж, шинэ системийг нэвтрүүлэхээр болсон байна.
Харин шинэ системийг нэвтрүүлснээр богино хугацааны шенгены виз болон ажил эрхлэлтийн картын хувьд утсаар, урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух виз мэдүүлгийг и-мэйлээр ярилцлагын тов тогтоох боломжийг бүрдүүлж байгаа юм байна. Ингэснээр зуучлагчид авлига авах боломжгүй болохоос гадна виз мэдүүлэгчид Элчин сайдын яамны гадна дугаарлах болон цаг авахдаа зуучлагч нарт мөнгө төлөх шаардлагагүй болж байгааг Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайд Ийржи Бродский хэллээ.
Богино хугацааны шенгений виз болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэх гэж буй виз мэдүүлэгчийг бүртгэх бүртгэлийн шинэ систем:
- Шенгений виз болон ажил эрхлэлтийн картаар виз мэдүүлэх гэж буй өргөдөл гаргагчид ярилцлагын тов тогтоох тохиолдолд зөвхөн 70110223 дугаарын утсаар холбогдон урьдчилан цаг авна.
- Богино хугацааны шенгений виз мэдүүлэх зорилгоор утсаар ярилцлагын тов бүртгүүлэх тохиолдолд зөвхөн баасан гаргийн өглөө 08:30 минутаас дараагийн долоо хоногт хүлээн авах 54 визийн өргөдөл хүлээн авах, ярилцлагын тов олгоно.
- Ажил эрхлэлтийн карт мэдүүлэх зорилгоор утсаар ярилцлагын тов бүртгүүлэх тохиолдолд зөвхөн баасан гаргийн 13:30 минутаас эхлэн дараа долоо хоногт хүлээн авах 18 визийн өргөдөл хүлээн авах, ярилцлагын тов олгоно.
- Урт хугацааны виз болон ажил эрхлэлтийн картаас бусад удаан хугацааны оршин суух эрхээр виз мэдүүлэхгэр бүл нэгдэх, суралцах, бизнес эрхлэх урт хугацааны эсвэл удаан хугацааны оршин суух эрх мэдүүлэх, байнгын оршин суух зэрэг бусад төрлүүдийн хувьд viza_ulaanbaatar@mzv.cz и-мэйл хаягт Баасан гаргийн 08:30 минутаас эхлэн хандаж дараа долоо хоногт хүлээн авах 15 визийн өргөдлийн ярилцлагын тов олгоно.
- Ярилцлагын тов и-мэйлээр илгээхдээ тусгай код ашиглах ба тухайн код Элчин сайдын яамны цахим хуудасны нүүрэн хэсгийн баруун дээд буланд улаанаар долоо хоног бүр шинэчлэгдэн тавигдана.
- Ярилцлагын тов тогтоох дэлгэрэнгүй мэдээлэл Элчин сайдын яамны цахим хуудсанд Монгол, Чех хэлээр тавигдана.
Богино хугацааны шенгений виз болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэх виз мэдүүлэгч утсаар ярилцлагын тов авах тохиолдолд дараах мэдээллийг Монгол, Чех, Англи хэлээр ойлгомжтой ярих шаардлагатай юм байна.
- Виз мэдүүлэгчийн овог, нэр
- Визийн төрөл эсвэл ямар төрлөөр оршин суух зөвшөөрөл хүсч буйгаа Богино хугацааны шенгений виз тохиолдолд 1.2 эсвэл олон удаагийн нэвтрэх эрхтэй эсэх, мөн удаан хугацааны оршин суух зорилгоор ажил эрхлэлтийн карт
- Виз мэдүүлэгчийн утасныц дугаар болон и-мэйл хаяг
- Гадаад паспортын төрөл болон дугаар дипломат, албан, гадаад паспорт гэх мэт
Харин урт хугацааны виз болон ажил эрхлэлтийн картаас бусад удаан хугацааны оршин суух эрх төрлөөр мэдүүлэх гэж буй виз мэдүүлэгч ярилцлагын товд бүртгүүлэх хүсэлт илгээж байгаа тохиолдолд майлдаа дараах мэдээллийг зайлшгүй агуулсан байх юм.
- Виз мэдүүлэгчийн овог, нэр
- Төрсөн огноо
- Гадаад паспортын төрөл болон дугаар
- Урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл хүсч буй зорилго
- Виз мэдүүлэгчийн утасны дугаар болон и-мэйл хаяг
Мэйлийнхээ хавсралтаар дараах бичиг баримтыг хавсралтаар илгээнэ.
- Виз мэдүүлэгчийн гадаад паспортын нүүрэн хэсэг буюу өөрийнх нь хувийн мэдээлэл болон зурагтай хэсэг
- Зорилго харуулсан бичиг баримтыг pdf болон jpg файл хэлбэрээр илгээнэ.
- Виз мэдүүлэгч ярилцлагын товдоо Элчин сайдын яаман дээр өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байна.
Бүгд Найрамдах Чех улсын элчин сайдын яам и-мэйлээр ирүүлсэн хүсэлтэд нэгдсэн хариу илгээх ба виз мэдүүлэгчдэд элчин сайдын яаманд хүрэлцэн ирэх ярилцлагын товыг илгээх юм байна.