Д.Кёкүшюзан Батбаяр: Асуудал эерэгээр шийдэгдээсэй гэж хүсч байна

2017-11-28 Нийгэм

Монголын Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр өчигдөр 16:30 цагт Чингис хаан онгонцны буудалд буусан даруйдаа хоёр бөхийн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


-Хоёр бөхийн асуудлаар мэдээлэл өгөөч. Яг юу болсон юм бэ?
-Бөхчүүд маань караокед орж, архи хэтрүүлэн ууж зодолдсон асуудал болжээ. Зодолдсон ч гэж нэгийгээ зодсон асуудал гарсан байна. Бие биенээ дээрэлхсэн, өс хонзон санасан зүйл огт байхгүй. Үүнийг Японд очоод мэдсэн. Дараа нь хоёр бөхөө гар бариулаад Японы хэвлэл мэдээллийнхний өмнө буруугаа хүлээн уучлалт гуйлгавал энэ асуудал намжих болох уу, МСБХ-ны ерөнхийлөгч, сүмогийн анхдагч хүний хувьд чи зохицуулаач гэж мэргэжлийн хүмүүс  надад хандсан.   Нээрээ л болчих юм болов уу гээд эвлэрүүлэхийг хичээлээ. Японы хэвлэл мэдээллийнхэн ярилцлага өгч, МСБХ-ны байр сууриа илэрхийлээч ээ гэсэн. Үүний дагуу л байр сууриа илэрхийлж ярилцлага өгсөн. Гэтэл Японы телевизэд өгсөн байр суурийг гуйвуулж, ярьсан яриагүй гээд огт хамаагүй зүйл бичиж байна.
-Японд очоод уулзсан уу?
-Уулзаж чадаагүй. Таканоива А.Баасандоржтой утсаар ярьсан. Болсон процессын талаар мэдээлэл өгсөн. Нөгөө хоёртой нь уулзаж чадаагүй. Учир нь цагдаагийн асуудал болсон байсан. Гомдол гаргасан учраас шалгагдаж байна.
Японы Сүмо бөхийн холбоо бол цаашид хүн зодох, танхайрах асуудлыг бүрэн зогсооно гэсэн байр суурьтай болсон байсан. Тиймээс би зохицуулах ямар ч боломжгүй болсон, Японы СБХ өөрсдөө шийдэг гээд Монголдоо хүрээд ирлээ.
-Японы СБХ-ноос монголчуудыг “шахаж” байгаа гэсэн асуудал яригдлаа. Энэ бодитой юу?
– Манайхны хэвлэлээр бичээд байгаа шиг Японы СБХ монголчуудыг “шахсан” асуудал огт байхгүй. Урд нь АСА аварга маань хүнд гар хүрснээс болж зодгоо тайлах шалтгаан болсон. Энэ удаа ч гар хүрсэн асуудал үүссэн учраас Японы СБХ-ноос хөөнө, хөөхгүй гэж ярьж байна. Зүгээр байвал хөөх тухай яриа гарахгүй. Хоёр орны харилцаанд сэв суух магадлалтай учраас энийг зөв ойлгох хэрэгтэй.
– Харүмафүжи Д.Бямбадорж хөөгдөх болов уу?
-Хөөгдөх эсэх нь Таканоива А.Баасандорж гэмтсэн эсэхээс хамаарна. Надтай утсаар ярихдаа маш хүнд гэмтэлтэй байгаа, гавал цуурсан, сонсгол муудсан, маш олон оёо тавиулсан гэж хэлсэн.

-Өөрөө хараагүй юм уу?

-Би бол хараагүй ээ.
-Таныг Японы талд үйлчилж байна. Монголын талд орсонгүй гэж яриад байгаа. Аль талд нь байна вэ?
– Хоёулаа монголын бөх учраас аль нэг талд нь ороогүй ээ. Харүмафүжи Д.Бямбадоржийг би өөрөө сүмод оруулж байлаа. Цаашид барилдаасай, битгий зодгийг нь тайлуулаасай гэж хүсч байна. Таканоива А.Баасандоржийг ч гэмтэл нь хурдан эдгээсэй, эргээд барилдаасай гэж хүсч байна.
-Энэ асуудлыг япончууд яаж хүлээн авч байна вэ?
-Япончууд бодит байдал дээр их хүндээр хүлээн авсан байсан. Намайг онгоцны буудал дээр буухад 10 гаруй телевизийнхэн цугласан байсан. Тэгэхээр Японд энэ нь маш том асуудал болж  харагдаж байна.

Японд очсон эхний өдрөө хөрөнгө оруулагчтайгаа уулзаад маргааш нь буцах байсан ч Японы дэвжээний багш, сүмоч нар асуудлыг зохицуулаач ээ гэж хандсан.

-Залуу сүмоч нартаа хандаж юуг хэлэх вэ?
-Монголчуудыг хүчтэй, бяртай гэдгийг япончууд үзлээ, бид ч хүч чадлаа гайхууллаа. Японы үндэсний спортод монголчууд ноёрхож байгаа ч ийнхүү архи ууж, алдаа гаргасан үйлдэл нь залуу сүмочдод том сургамж боллоо. Анхны сүмогийн замыг тавьсан хүний хувьд, МСБХ-ны ерөнхийлөгчийн хувьд ч хоёр бөхчүүд маань эвлэрээсэй, ирээдүйд Монголын олон залуус сүмогийн дэвжээнд сүр, хүчээ бадруулсаар байхыг хүсье.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.