Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтгангэрэл нар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн, хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулагч Ч. Ганжавхланг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга “Юуны өмнө баяр хүргэе. Буян гэж байдаг бол буян үйлдэж байна. Заримдаа буян бодож байгаад буруу зүйл хийх их үе зөндөө гардаг. Заримдаа их тодрох гээд буруу тийш хэлбийдэг. Огт юу ч хийхгүй байгаа хүмүүстэй харьцуулахад тэр хүмүүст буруу байхгүй. Зөв гарцыг олоод зөв зүгт явах их чухал. Та нарын хийж байгаад ганц би биш, олон хүн баярлаж байгаа болов уу. Шантрахгүй, зогсолтгүй явах хэрэгтэй. Хүний эрхийн үндэсний байгууллагын хувьд 2 хөлтэй байхыг илүүд үздэг. Эхнийх нь хэвлэл мэдээлэл. Дараагийнх нь иргэний нийгмийн байгууллагууд. Тэдний дэмжлэгтэйгээр нийгэмд бугшсан хүний эрхийн асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэж, олон түмний дэмжлэг авна гэж үздэг. Тиймээс бид та нарын санаачлагыг дэмжинэ. Хүүхдийн эрхийн асуудлаар дахиад илүү их мэдээллийг ч авч болно. Ид шидийн орныг ажиллуулах эрх зүйн үндсийг нэн яаралтай боловсронгуй болгох шаардлагатай. Энэ асуудалд би тусалъя. Та нар бас хэлж байгаарай” гэсэн юм.
“Лантуун дохион” ТББ нь сүүлийн 5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Эрэгтэй голдуу гишүүнтэй. Хүчирхийллийн эсрэг эрчүүд дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор анх байгуулагдсан. Орон нутагт ажиллаж, аян зохион байгуулж байсан. “Залуу хүмүүс байна даа, хүүхэд хамгааллын төв байгуулъя гээд “Ид шидийн орон”-г барихын тулд улсаас ганц удаа гуйлга гуйсан нь газар. Газар авахад туслаач ээ. Өмчлөхөөр биш, эзэмшихээр авъя. Хураамжийг нь төлөөд явъя гэсэн. Улс “чадахгүй ээ” гэсэн хариу өгсөн. Тэгээд бид мөнгөөр газар худалдаж авсан. Сонгинохайрхан дүүргийн хамгийн ядуу 5 хорооны голд нь төвөө барьсан. 6 сар ажиллаад гэрэл цахилгаан, дулааны асуудлыг шийдээд, хөрс, агаарын бохирдолгүй, байгальд ээлтэй байхаар зохицуулсан. 108 утасны хүүхэд хамгааллын төв дэргэдээ 11 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай гэж сонссон. Манай төвд 45 хүүхдийн ортой. Хүчирхийллийн үндэсний төвтэй гэрээ байгуулаад ажиллахаар төлөвлөж байгаа” хэмээн тус төвийн тэргүүн Ч.Ганжавхлан “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн бүтээн байгуулалтын ажлаасаа танилцуулав.
Цаашдаа “Ид шидийн орон”-ын урсгал зардлыг шийдвэрлэх, манай төр засаг тогтворгүй учраас уг асуудлыг гадны тусламж, дэмжлэгтэйгээр зохицуулахаар шийдээд байгаа. Хандив, тусламжийн зарцуулалтыг хяналттай байлгах үүднээс аудитыг урьж ажиллуулсан. Улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй. Эхний ээлжинд СХД-ийн 5 хорооны 6200 гаруй оршин суугчидтай тулж ажиллана. Хамгийн хүнд амьдралтай 70 айлын хүүхдийг цэцэрлэгтээ авсан. Хүчирхийлэлгүй орчинг бий болгоод яваандаа орон нутагт ажиллах зэргээр цаашлаад явна. Нэг удаа лекц уншаад нэмэргүй. Жишиг загварыг гаргаж ирэхийг эрмэлзэж байна гэж байлаа.
Ийн халуун дотно уур амьсгалд өрнөсөн уулзалтын төгсгөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-д тусгасан асуудлыг хөндөж буй “Нүдээ нээ” хүчирхийллийн эсрэг аянг дэмжиж талархан хүлээж авч байгаа бөгөөд цаашид бүхий л чиглэлээр хамтран ажиллах боломжтойг илэрхийлээд “Лантуун дохион” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхланд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллахыг санал болгов.
Түүнчлэн хүчирхийллийн үүр уурхай болж буй дэн буудлуудыг цэгцлэх зэрэг олон талаар хамтран ажиллахаар боллоо.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.