“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг МАН-ын даргад нэрээ дэвшүүлж, өрсөлдөхөө мэдэгдэж, намынхаа Хэрэг эрхлэх газарт холбогдох бичиг баримтуудаа өгөөд байгаа юм. Эндээс харахад эрх чөлөө гээчийг хэт туйлширч ойлгодог олон хүн бий болсны илрэл гэлтэй.
Мэдээж олны нэрлэдгээр Маяа гэгч энэ эмэгтэй намын улаан батлахыг нь өвөртөлсөн юм чинь дүрмийн дагуу тоглолт хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ аливаад өөрийгөө үнэлэх үнэлэмжээс гадна өрөөлд тохоогдох хариуцлага зэргийг тооцох шаардлагатай л баймаар.
МАН гэдэг хэн бүхний ойлголтоор төрд үүрэг гүйцэтгэж буй маш том аппарат. МАН-ын дарга болно гээд байгаа Г.Майцэцэг хэдхэн жилийн өмнө “Татвараа төлөхгүй, авлига өгөхгүйн төлөө тэмцсэн” гэх зэргээр олны анхаарлыг татаж эцэст нь өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ олон нийтэд үнэгүй тараана гэж шоудан, аргаа барахдаа шатаах юм болоод намжсан.
Харин энэ удаа намын дарга болох юм гэнэ. Нэг талаараа болохгүй зүйл үгүй. Дүрэмд орсон заалт. Харин нөгөө талаас харвал энэ намыг хэт доогуур үнэлэв үү гэлтэй. Хэдэн зуун мянгаар тоологдох гишүүнчлэлтэй намд түүнээс өөр дарга болох хүсэлтэй, сэтгалтэй хүн байхгүй байна ч гэж юу байх вэ. Байж л таараа.
Гол нь түүн шиг намын ажлыг олны анхаарлыг татах шоуны хэмжээнд ойлгодог олон хүн байдаггүй учраас л энэ. Тэдэнд хүндлэл, бас хариуцлага, эв нэгдлийг бататган, энгийн гишүүдээ удирдаад аваад явчих хүн хэрэгтэй болохоор л Г.Майцэцэг шиг өөрийгөө төвийлгөөгүй болов уу.
МАН өнөөдөр УИХ дахь бүлэгтээ ч хоёр хуваагдсан эв түнжингүй болсон хэмээн дүгнэгдэж байгаа, бас тэгж ч байна. Тэдний боломж нь энэ удаагийн Их хурал. Харин энэ хурлыг самрахыг хүсэгчид байхыг үгүйсгэхгүй Угаасаа тийм нөхцөлүүд ч нээлттэй. Авлига өгөхгүйн тулд татвараа төлөөгүй мэт ярьсан хүн дараагийн удаа дарга болгоогүйн төлөө юу ч ярих юм билээ. Бараг өмнө нь 2016 онд Женког дэмжээд явж байсан тэр нэг мэдэхэд МАМ-ын гишүүн гээд даргад нэрээ дэвшүүлж яваа нь яавч хэвийн үзэгдэл биш.
Энэ мэтчилэн МАН-ын Их хурлыг гадна, дотноос нь түншин гаргуунд гаргаж, намыг нь бүхэлд нь үгүй хийхийг хүсэгчид ч олон бий.
МАН Их хуралд оролцогч 1309 төлөөлөгчийнхөө саналыг сонсож, дотоод эв нэгдлээ сэргээж чадахгүй бол улс төрийн хүрээнд арчигддаггүй юмаа гэхэд ирэх сонгууль зэрэгт бүдрэх магадлал нь тун өндөр болно.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.