Чуулган: Б.Хурцын асуудлыг хойшлууллаа

2017-11-16 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт дөрвөн асуудал хэлэлцэхээр товлосон байна. Үүнд:

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2017.11.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруудах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
  • Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Энэ өдрийн хуралдааны гол асуудал нь Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2017.11.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/ тухай байв.  Эл асуудалд гишүүд нэлээд мэтгэлцэж, нэр бүхий гишүүд хатуухан үгээр нэгнийгээ дайрч байсан юм. Ингээд хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүдийн байр суурийг тодруулж байна.

Чуулган

Улсын их хурлын чуулган эхэллээ. Төрийн ордон

Posted by Dugnelt.mn on Wednesday, November 15, 2017

 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: 

-Өчигдөр байнгын хороогоор Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын 21 гишүүн нээлттэй сонсгол явуулах санал гаргасан. Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлд хуулийн зохицуулалтыг тусгадаг. Энэ дагуу гишүүдийн эрхийг эдлүүлж, нийтийн сонсголоо хийж өгөхийг хүсч, нийтийн сонсголын товыг хэлэлцээд эхэлсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД:

-Байнгын хорооны хэлэлцүүлэг халуухан болсон. Чуулган дээр байнгын хорооны уур амьсгалыг оруулж ирэх шаардлагагүй. Энд Монгол төрийн онцгой анхаарах ёстой асуудал хөндөгдөж байна. БНСУ-д суух Элчин сайдыг томилох гэж байхад Хойд Солонгостой холбоотой асуудал ярьсан. Үүний хариултыг Монголд төдийгүй, олон улсад өгөх ёстой боллоо. Энэ асуудлаа шийдэж байж томилгоог явуулахгүй бол хөнгөн хандах бололцоогүй болсон. Дээр нь УИХ-ын нэр хүнд, улсын нууц, төрийн нууцтай холбоотой асуудал байгаа. Энэ бүхэнд Ц.Нямдорж даргын нэрийг дурдаж байсан. Ц. Нямдорж өөрөө тайлбар хэлэх байх. Би хүний эрхийн тухай ярьж байхад огт хамаагүй хариулт өгсөн. Тэгэхээр хэлэлцэх асуудлыг хойшлуулж өгнө үү. УИХ-ын дарга та гишүүдийн нэр төр эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. Тэгэхээр үүргээ биелүүлнэ гэж найдаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН, Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Би өчигдөр Засгийн газрын хуралтай байсан тул байнгын хороонд сууж чадаагүй. Гэртээ хариад телевиз үзлээ.  Томилгоо авах гэж байсан хүн ноцтой асуудал ярьсан. Тэр дотор миний нэрийг оруулсан байна. Л.Болдод хандаж зэвсгийн наймаа хийсэн, таниас 300 мянган ам.доллар нэхэмжилсэн, таниас болж хоёр хүн цаазлуулсан гэсэн. Ингээд төгсгөлд нь Ц.Нямдорж сайд үүнийг мэдэж байгаа гэсэн. Би гайхаад, тийм бичиг ирсэн эсэхийг яамны ажилтнуудаар хайлгалаа. ТЕГ-тай ярилаа, цагдаатай ярилаа. Тэдэнд тийм бичиг байхгүй гэж мэдэгдэж байна. Гадаад харилцааны яаманд ирсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ бол нэг хүний асуудал биш улсын нэр хүндийн асуудал боллоо. Би бол Хойд Солонгосын асуудал сонсоогүй одоо сонсож байна. Тэгэхээр энэ томилгоог хойшлуулаад, яриад байгаа зүйлийг нь тодруулах хэрэгтэй. Болдоос болоод ямар хоёр хүн цаазлуулж, Болдод ямар бичиг ирсэн юм бэ. Түүнийг тодруулах хэрэгтэй. УИХ-ын дарга та гишүүдийн эрхийг хангах үүрэгтэй. Намайг 42 сая ам.долларын шахааны бизнес “Эрдэнэт”-д хийсэн гэж гүтгэсэн. Би хуулийн байгууллагад хандсан байгаа. Ингэж тусгай албаны дарга гишүүдийн нэр хүндэд халдаж болохгүй.  УИХ-ын дарга та гишүүдийн эрхийг хангах ёстой шүү. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж үзэж тухай Үндсэн хуулиар заасан байдаг. Тусгай хяналтын дэд хорооныхоо бүрэлдэхүүнийг өөрчилж, ажиллуул. Хуулийн байгууллагад хандсан бичиг байхгүй шүү.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД:

-УИХ-аар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөл дээр ярилцаад шийдсэн. Түүнээс ор үндэсгүй шууд орж ирж байгаа юм байхгүй. Нээлттэй сонсгол явуулах хүсэлттэй 21 гишүүний гарын үсэгтэй бичиг надад ирсэн. Энэ асуудлыг би Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн байгаа.

УИХ-ын Тамгын газрын төлөөлөл:

-Нийтийн сонголын хуулийн 4 дүгээр зүйлд үйлччлэх хүрээг зааж өгсөн. Ингэхдээ УИХ-аас томилогдож албан тушаалын хүрээнд хамруулж байгаа юм. Тэгэхээр гишүүдийн санал бол нийтийн сонголын хуулийн хүрээнд яригдахгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН:

-Тамгын газрын дарга та өөрийнхөөрөө дутуу дулимаг тайлбарлаж болохгүй. Нийтийн ашиг сонирхлыг хөндөж болохуйц үндэслэлтэй гэж бид үзсэн. Элчин сайд гэдэг бол нийтийн ашиг сонирхлыг төлөөлж байгаа гэдэг утгаар юм. Тиймээс томилгооны сонсгол хийх эрх нь УИХ-д бий.

Ийнхүү дөнгөж сая нэр бүхий гишүүд тус асуудлыг хойшлуулах хүсэлт тавьснаар уг асуудлыг дараа нь хэлэлцэхээр болов.

Яг одоо чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

О.Гэрэлчулуун

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.