Түрхцийн шинжилгээний тогтолцоог нэвтрүүлээд 20 жил болжээ

2017-11-9 Мэдээ мэдээлэл


“Сүрьеэгийн лабораторийн чанарын хяналтын тогтолцооны 20 жил” сэдэвт Сүрьеэгийн үндэсний зөвлөгөөн ЭМЯ-ны хурлын танхимд 2017 оны арванэнгдүгээр сарын 8-9-ний өдрүүдэд болж байна.
Дэлхий дахинаа сэргэн тархаж буй халдварт өвчний тоонд зүй ёсоор багтаж, улс орнуудын хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, илрүүлсэн тохиолдлыг бүрэн төгс эмчилж эдгэрүүлэх, тархалт, өвчлөл, нас баралтыг бууруулах нь чухал юм.
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилтыг хэрэгжүүлэхэд лабораторийн тусламж, үйлчилгээний үүрэг улам бүр өсөн нэмэгдэж, сүүлийн жилүүдэд энэ салбарт шинэ технологи нэвтрүүлэх талаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байна.
Нийгэм хамт олны дунд аюул учруулж буй халдварт өвчнийг эрт илрүүлэх, илрүүлсэн тохиолдлыг бүрэн төгс эмчилж эдгэрүүлэхэд сайн бэхжсэн лаборатори, ур чадвар сайтай мэргэжилтэнгүйгээр Халдварт өвчинтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй юм. Аливаа өвчнийг эрт оношилж, эмчилгээнд хамруулах зүг чигийг зааж өгдөг гол луужин бол лаборатори байдаг. Ийм ч учраас бид үндэсний түвшинд сүрьеэгийн лабораторийн сүлжээ байгуулан түрхцийн шинжилгээг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн сүрьеэгийн диспансер, Хорихын эмнэлэг, зарим сумын эмнэлгийн 40 гаруй лабораториуд хийж, 38 лабораторийг улирал бүр чанарын гадаад хяналтанд тогтмол хамруулж байна.
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн үндэсний лавлагаа лаборатори нь 2006 оноос хойш ДЭМБ-ын НДББ-ийн лавлагаа лаборатори болох Япон улсын Токиогийн Сүрьеэ судлалын хүрээлэнтэй нягт хамтран ажиллаж, лабораторийн чанарын гадаад хяналтанд тогтмол хамрагдаж байна.
ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид зөвхөн хийж байсан молекул биологийн шинжилгээг өргөтгөж төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт GeneXpert 6 нэгж, энэ оны сүүлээр 5 нэгжийг нэмж байгуулахаар төлөвлөн сүрьеэгийн оношлогооны чадавхыг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Лабораторийн оношлогоог сайжруулах орон нутгийн лабораторийн оношилгооны түвшинг төвийн түвшинд ойртуулах, лаборант нарын ур чадварыг жигд дээшлүүлэх гол зангилаа нь шинжилгээний чанарын хяналтын тогтолцоог системтэй нэвтрүүлэх явдал бөгөөд манай улсад уг түрхцийн шинжилгээний тогтолцоог нэвтрүүлсэн 20 жил болжээ. Сүрьеэгийн лабораторийн чанарын гадаад үнэлгээг 3 хэлбэрээр явуулж эхэлсэн ба улирал тутам түрхцийг тогтмол авчирч хянахын зэрэгцээ газар дээр нь очиж мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, лабораторийн арга аргачлалыг стандартчилах зэрэг ажлуудыг хийхэд дэмжлэг үзүүлж ажилласны үр дүнд чанарын хяналтын тогтолцоо эхлэхийн өмнө 34 хувь байсан лабораторийн онош баталгаажилт богино хугацаанд 2 дахин нэмэгдэж ирсэн нь сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрт чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
1997-2017 онуудад сүрьеэгийн лабораториудын хангамжинд зарцуулсан хөрөнгө, сүлжээний лабораториудад оношлож эдгэрүүлсэн хүмүүсийн тоог харьцуулан судлахад өртгөө нөхөж чадахуйц үр дүнтэй болжээ.
Монгол улсад эмнэлзүйн лабораторийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан орчин үеийн шилдэг арга технологийг нэвтрүүлэн ажиллахад ДЭМБ, Глобаль сан зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэг, туслалцаа шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж байгааг зөвлөгөөнд оролцогчид онцлон тэмпэглэж байлаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.