Ж.Бат-Эрдэнэ: Шинэ нисэх буудлыг хугацаанд нь ашиглалтанд оруулах хэрэгтэй

2017-11-9 Засгийн газар

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Японы Мицубиши корпорацийн Дэд бүтэц, байгаль орчны бизнесийн группын тээврийн дэд бүтцийн албаны захирал Нарүсэ Такүжи, МУ-д Шинэ нисэх буудал барих төслийн удирдагч Накаи Фүмио, Мицубиши корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Хамажима Хироаки нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Шинэ нисэх буудлыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах, МУ болон Мицубиши корпорацийн хөрөнгө оруулалт, хувь эзэмшил, менежментийн асуудал болон монголын талаас баримтлах байр суурийн талаар ярилцлаа.

Зам тээврийн хөгжлийн сайд хэлсэн үгэндээ “Монгол улсын агаарын тээврийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Миний хувьд шинэ нисэх буудлын төслийг эхлүүлж байсан бол өнөөдөр урагшлуулах ажлыг хариуцаж байгаадаа баяртай байна.

Шинэ нисэх буудлын хувьд юуны өмнө менежменттэй холбоотой аливаа хураамж татварыг олон улсын стандартад нийцүүлэх нь зүйн хэрэг ч иргэдээс авах татвар таксыг нэмэхгүй байх, МУ-ын агаарын тээврийн хөгжлийг урагшлуулах, нислэгийн тоо, зорчигчдын тоог нэмэгдүүлж аялал жуулчлалыг татахад үнэтэй хувь нэмэр оруулах үүд хаалга нь байх, нисэх буудлыг дагаад 1000 орчим ажилчдын ажиллаж амьдрах орчин нөхцөл, зорчигч үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангахад олон улсын хотуудын жишигт нийцсэн дагуул хот байгуулах. Тухайлбал Нарита, Ханида хотын туршлага орж ирнэ гэж найдаж байна. Дээр нь зөв менежмент бүхий ашигтай, өр төлбөргүй ажиллаж чадна гэдэг баталгааг л бид хүсч байна. Ингэж чадна гэвэл та бүхний бүх саналыг хүлээн авахад бэлэн байна.

Хувь оролцооны хувьд Монголын Засгийн газрын оролцоотой байх саналыг дэмжиж байна. Дээр нь монголчууд яаруу ард түмэн. Олон улсын зэрэглэл бүхий шинэ нисэх буудлаар үйлчлүүлнэ гэсэн хүлээлт давхар бий . Тиймээс цаг хугацааны хувьд 2018 ондоо багтаах хэрэгтэй” гэсэн саналуудыг тавилаа.

Мицубиши корпорацийн зүгээс өмнө нь агаарын тээврийн салбарын удирдлагад ажиллаж байсан шинэ сайд асуудлыг шуурхай шийдэж байгаад талархал илэрхийлээд бидний зүгээс таны саналыг хүлээн авч тарифийг нэмэхгүй байхад анхаарна. Хөрөнгө оруулалтын зээлээ төлөөд явахад баланс нь хаанаа байна гэдэг нь чухал. Гол нь гаднаас ирэх нислэг, зорчигчдын тоог нэмэх шаардлагатай. Менежментийн тал дээр Монголын Засгийн газар дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Бид бүх хүчээ дайчлан та бүхний хүсэлтийн дагуу шинэ нисэх буудлыг хугацаанд нь өгөхөд хичээн ажиллана” хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.